
Ингэхдээ “2.8 сая гаруйхан хүн амтай хэрнээ цацраг идэвхит ашигт малтмалын чиглэлээр 94 лицензийг компаниудад олгосон нь маш өндөр тоо. Нэг ёсны ийм их хэмжээний лицензийг олгосон байна гэдэг нь авлига хээл хахууль газар авсны шинж. Ямар компанид эдгээр лиценз олгов гэдгийг шалгах ёстой, энэ бүхний ард авлига, албан тушаалын гэмт хэрэг бий гэдэгт би итгэлтэй байна. Дорноговь болон Сүхбаатар аймгуудад тус бүр ураны ордыг ашиглах гээд явж байна, олборлолтыг нь зогсоох ёстой. Газрынхаа хэвлийг ухахгүйгээр монголчууд амьдрах бүрэн боломжтой” хэмээн тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм.
Харин дээрх асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан УИХ-ын гишүүн М.Батчимэг асуулгад дүгнэлт өгөх үеэрээ УИХ-ын гишүүдэд шүүмжлэлтэй хандлаа. Учир нь эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох үед 10 гаруйхан гишүүн оролцсон юм.
Эрхэм гишүүн хэлэхдээ “Төсөв мөнгө ярих болохоор УИХ-ын гишүүд танхим дүүрэн суудаг атлаа улсын аюулгүй байдал ярих болоход 10 гаруйхан гишүүн сууж буйд үнэхээр харамсч байна. Аюулгүй байдлыг сонгууль болох болохоор л улстөрчид хөнддөг, бусад үед огт ярьдаггүй, ийм байж таарахгүй. Монгол Улс цөмийн энергийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болоод гурван жил болж байна, мөн тусдаа агентлаг байгуулагдан ажилласан. Гэвч удирдлагууд нь хоорондоо эл асуудлаар улстөр хийснээс бус энэ салбарын ажил огт урагшилсангүй. Лиценз олголтыг бизнес болгосон байтлаа цөмийн аюулгүй байдлыг хангах тал дээр ямар ч ажил хийгээгүйг сая хуралдаанд оролцсон Цөмийн энергийн газрынхан хэлж буй нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Судалгаа шинжилгээ хангалттай төвшинд хийгдээгүйн дээр орчин үеийн лаборатори байхгүй байгаа нь ч бас асуудал. Цаашдаа шинэчлэлийн Засгийн газар цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн оруулж ирнэ гэсэнд их талархаж байна. Тэр тусмаа Ерөнхий сайдыг ойрын хугацаанд атомын цахилгаан станц байгуулах асуудал Засгийн газрын төлөвлөгөөд байхгүй гэж хэлсэнд туйлын талархалтай хандаж буйгаа илэрхийлье. Тавдугаар цахилгаан станцыг барина гэж тав, зургаан жил ярьсан атлаа өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгоогүй улсууд атомын цахилгаан станц барина гэх нь маш аюултай, эрсдэлтэй эргэлзээ төрүүлж байгаа. Тиймээс энэ асуудалд маш болгоомжтой хандах ёстой” гэсэн юм.
Ийнхүү чуулганаар Засгийн газрын цаг дууссанаар чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв.