Энэ удаа өөр зүгийн салхи Математикийн хүрээлэнгээс үлээлээ. Тэдний баг супер амжилтуудаараа дэлхийн энэ төрлийн шинжлэх ухааны ертөнцөд цахиур хагалж байна. Эдний тухай олж мэдсэн гол шалтгаан Ч.Алтаннар гэх нууцлаг эрхэм юм. Түүний араас мөшгиж явсаар одоо тэрлэж буй сайхан мэдээллүүдтэй учирсан хэрэг. Дэлхийд шинжлэх ухаан, технологийн хэвлэлтээр тэргүүлдэг “Спрингэр”, Европын инженер технологийн салбарын тэргүүлэх сургууль болох “Импэриал” их сургууль, АНУ-ын Флоридагийн их сургууль гээд л түүний сураг холоос л дуулдаад байдаг байв. Сурагласан эрхэм маань Флоридагийн их сургуульд математикийн доктор цол хамгаалаад хэдийнэ ирчихжээ.
Ирээд зогсохгүй академич Т.Жанлав, доктор Р.Энхбат, О.Чулуунбаатар нартай хамтран “ТООЦОН БОДОХ МАТЕМАТИК БА ОНОВЧЛОЛЫН ОНОЛЫН ШИНЭ ЧИГЛЭЛ ХАНДЛАГА, ХЭРЭГЛЭЭ” сэдэвт бүтээл хийжээ. Энэхүү бүтээл нь тооцон бодох математикт Ньютоны төрлийн итераци болон сплайн функцийн шинэ онол аргыг боловсруулан, оновчлолын онолд “Квазигүдгэр програмчлал” гэсэн шинэ салбарыг үүсгэн хөгжүүлж, тэдгээрийн онол, аргыг онолын физик, техник, технологи болон эдийн засгийн хэрэглээнд нэвтрүүлсэн математикийн ухааны шинэ бүтээл, нээлтийн хэмжээнд үнэлэгдсэн ажил юм байна. Манайхан мундаг байна шүү гэж академийнхан ярьцгааж байна. Даанч нийгэмд энэ тухай дуулсан, сонссон юм алга. Дуулдаж байгаа, дуулгаж байгаа мэдээллүүд нь дандаа улс төр, дандаа урлаг спорт хавийн медаль сэлт тойрсон, авсан, өгсөнгүй гэх мэдээллүүд л байдаг.
Манай багийнхан Монгол Улсад хэрэглээний математикийн тооцон бодох, оновчлолын чиглэлүүдээр шавь сургуулийг үүсгэн хөгжүүлсэн баг юм байна. Гадаадад нэг сэдэвт бүтээл, монограф 10-ыг хэвлүүлсэн. “Спрингэр”, “Wорд Сциэнтифьц” зэрэг дэлхийд алдартай хэвлэлийн газруудад дөрвөн боть хэвлүүлсэн. Хэрэглээний математикийн чиглэлээр олон улсын нэр хүнд бүхий хурлыг эх орондоо болон гадаадад 18 удаа зохион байгуулсан гэнэ. Цааш нь дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлүүдийн чансааг тодорхойлдог Томсон Ройтерийн индекс, инфакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд 180 орчим өгүүлэл хэвлүүлсэн гээд тэдний ажлууд цуварна. Товчхондоо математикийн шинжлэх ухаанд шинэ чиг хандлагыг үүсгэн хөгжүүлж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг туурвин, монгол хүний оюуны цар хүрээ, сэтгэлгээг дэлхийн хэмжээнд илтгэн харуулснаар нь тэдний бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ тодорхойлогдоно.
Математик… математик… Хаа холын математик… Яагаад энэ сэдэв хар багаас хамгийн толгой өвтгөсөн сэдэв байсан юм бол. Хүүхдийн гэмээр ийм нэгэн суурь бодлоосоо болоод сэтгүүлчийнхээ хувьд ч энэ салбараас хол хөндий явж ирэв. Гэвч бидний шууд учрыг нь олчих эд үнэхээр биш ажээ. Хүн үнэнээ хэлж байх сайхан шүү дээ. Математик нь хүн төрөлхтний унаган гэмээр бүр анхны эрэлт хэрэгцээгээр үүсч хөгжсөн эртний шинжлэх ухаан. Тийм ч болоод “Байгалийн хууль нь зөвхөн математикийн хэлэн дээр бичигдсэн байдаг” гэж Галилей хэлсэн биз.
Хүн төрөлхтний амьдрал түрэн хөгжсөөр XX зууны дунд үед хүрэхэд шинжлэх ухаан-техникийн хөгжилд математик хэрэглээ илүү ихээр шаардагдах болсон нь хэрэглээний математик түрэн хөгжих үндсэн нөхцөл болсон гэж үздэг юм байна. Товчоор хэлбэл хэрэглээний математик нь шинжлэх ухааны бусад салбарууд дахь математик хэрэглээ аж. Бүр энгийнээр хэлэхэд математикгүй юм гэж алга.
Хэрэглээний математикт хамгийн ихээр хэрэглэгддэг математикийн чиглэлүүд нь оновчлол, тооцон бодох математик бөгөөд орчин үед энэ дотроо цалгиалаг онол, глобал оптимизаци, стохастик тоолол, санхүүгийн математик, робаст оновчлол, параметрт оновчлолын чиглэлүүд нь түлхүү судлагдаж байгаа юм байна. Оновчлол гэж юу вэ гэх асуулт гарч ирж байгаа байх. Оновчлол нь математик хэрэглээ шаарддаг шинжлэх ухааны бүх л салбаруудад хэрэглэгддэг ухагдахуун. Тийм ч учраас хэн нэгэн суутан нь ертөнц дээр оновчлолын дүрэм үйлчилдэггүй нэг ч зүйл байхгүй” гэж хэлсэн байдаг биз. Үнэхээр ч энгийнээр бодоход хүн төрөлхтний хийж буй бүх зүйлд оновчлолыг хэрэглэснээр илүү төгс, илүү хэмнэлттэй болно гэсэн үг юм байна. Эдийн засгаар жишээлэхэд хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй хэрэгцээнд хэрхэн зарцуулахыг судалдаг бөгөөд зарцуулалтыг аль болох оновчтой байлгахын тулд эдийн засгийн онолын загварууд нь оновчлолын бодлогууд дээр суурилсан байдаг гэнэ. Харин манай Монголд хэрэглээний математикийн тооцон бодох, оновчлолын салбарууд үүсээд хориод жил болж байна. МУИС дээр хэрэглээний математикийн салбар нээгдсэн явдал нь энэ чиглэлээр үндэсний мэргэжилтэн бэлтгэх боломжийг бүрдүүлжээ. Энэ салбарыг Монголд анх шинжлэх ухааны түвшинд хөгжүүлж тооцон бодох математик ба оновчлолын чиглэлүүдээр шавь сургууль үүсгэсэн хүмүүс нь дээр дурдсан манай академич Т.Жанлав, шинжлэх ухааны доктор Р.Энхбат нар юм. Өнөөдөр Монголын математикчид дээрх чиглэлүүдээр амжилттай ажиллаж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүдийг туурвиж тэдгээр нь гадаадын бүтээлд ишлэгдэн, олон улсын хурал семинарт тогтмол оролцон, эх орондоо олон улсын хурлуудыг амжилттай зохион байгуулж байгааг бид анзаарахгүй сууж боломгүй. Сүүлийн үед энэ чиглэлээр олон залуу эрдэмтэд төрөн гарч байгааг онцлон тэмдэглэхийг би хүсч байна. Үүний нэгэн тод томруун жишээ нь Ч.Алтаннар. Монголын математикчдаас анх удаа дэлхийн шинжлэх ухааны бүтээлүүдийг хэвлэн нийтэлдэг тэргүүлэх хэвлэлийн компани болох Спрингер (Спрингэр)-д “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол” (Парэто Оптимальтү, Гамэ Тхэорү анд Эqуйлибриа) гэсэн номыг дэлхийд энэ салбартаа тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран гаргасан явдал нь түүний нэр хүндийг энэ салбарт хонх мэт цахилуулан сонсгосон чухал үйл явдал. Мөн 2010 онд доктор Ч.Алтаннар, шинжлэх ухааны доктор Р.Энхбат нар Спрингерд “Оновчлол ба оновчтой удирдлага” (Оптимьзатион анд Оптимал Цонтрол) гэсэн номыг ч эмхэтгэн гаргажээ. Үүний үргэлжлэл болох бүтээл удахгүй гарах бөгөөд түүнд академич Т.Жанлав, доктор Л.Алтангэрэл, М.Мэнд-Амар нарын бүтээлүүд мөн орж байгаа юм байна. Доктор Р.Энхбат Германы Ламбэрт Публишэр-д “Квазигүдгэр програмчлал ба түүний хэрэглээ” (Qуасьцонвэx Программинг анд Иц Аппльцатионс) номоо гаргасан ч манай хэвлэлүүд энэ талаар юу ч мэдээгүй өнгөрсөн. Олон улсын сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний ажлаа хэвлүүлээд зогсохгүй одоо ч доктор Ч.Алтаннар Томсон Ройтерсын индекстэй Спрингер компанид хэвлэгддэг “Жоурнал оф Глобал Оптимьзатион”, “Оптимьзатион Лэттэрс” сэтгүүлүүдийн дэд редактороор ажиллаж байна. Энэ нь Монголын математикчидыг дэлхийн түвшинд өндрөөр үнэлж байгаагийн тод илрэл биш гэж үү. Оновчлол ба оновчтой удирдлагын олон улсын хурлыг 2002, 2007, 2010 онуудад доктор Р.Энхбат, Ч.Алтаннар нар Монголд амжилттай зохион байгуулж энэ чиглэлийн дэлхийн нэртэй эрдэмтдийн хуран чуулдаг талбар болгож чадсан тухай урьд нь нэгэн ахмад эрдэмтэн манай редакци руу утасдан дуулгаж байв. Энэ хурал бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийд алдартай сургуулиудын профессорууд оролцдогоороо хамгийн онцлог үйл явдал гэдгийг тэр чухалчилж байсан юм. Тухайлбал 2010 онд тус хуралд дэлхийн 22 орны 150 эрдэмтэд оролцсоноос Америкийн Принстоны их сургууль, Их Британы Империал Коллеж, Германы Гумболдын их сургууль, Японы Токио, Киотогийн их сургуулиуд, Австралийн Балларатын их сургууль, Москвагийн их сургуулиас нэртэй эрдэмтэд ирж оролцсон байна. Гэтэл манай боловсролын салбар, шинжлэх ухааны салбар, хэвлэл мэдээллийн салбар таг чиг л суув. Удахгүй энэхүү хурлыг дөрөв дэх удаагаа зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
Бид гүн зүйлсээс дөлсөөр, суурь шинжлэх ухаануудаас холуур гүйсээр байх юм бол манай эрдэмтэд эх орондоо хэзээ ч нутагшихгүй. Хэзээ ч тогтож суухгүй. Тэд маань гадагшаа уригдаад явчихдаг, бид эндээ бүх нарийн ТЭЗҮ-үүдээ гадны хөлснийхөн авчирч, өндөр үнээр хийлгэсээр л байх болно. Гадныхан хальт мульт, хэрүүлтэй уруултай, гол нь харь сэтгэлээр хийж өгсөн болоод авдгаа аваад зугтацгаана. Ийм жишээ сүүлийн 20 жил хэд гарсныг тооцоог нь гаргаж ирээд хэлсэн ч болох юм. Тэгэхээр бид өөрсдийнхөө эрдэмтдийг хүндэтгэж, хийж бүтээж буйг нь олж харж, үнэлж, өөрсдийнхөө нэр хүндийг дэлхийн түвшинд өрсөлдүүлж сурах цаг болжээ. Амжилт хүсье… Математикийн хүрээлэн… Ахин амжилт хүсье манай багийнхаан…
“ӨДРИЙН СОНИН”