Хөдөлмөр эрхлэлтийг цогцоор нь шийдэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийг цогцоор нь шийдэх ёстой гэв

Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаад буй. Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих  Үндэсний хорооны гуравдугаар хуралдаан Төрийн ордонд болж байна. Ерөнхий сайд С.Батболд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд өрхийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ урт хугацааны тогтмол ажлын байр бий болгож буй ажил олгогч нарт татварын тодорхой хувийн хөнгөлөлт эдлүүлдэг байх. Мөн урамшууллын арга хэлбэрийг ашиглах шаардлагатай байгаа” гэлээ. Мөн нөгөө талаас алслагдсан бүс нутагт бизнес эрхлэх, ажлын байр бий болгоход өртөг зардал нь төв суурин газрынхнаас өндөр тусдаг тул аль болох ижил нөхцөл бий болгоход анхаарах. Дээрх газруудад ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг урамшууллаар дэмжих. Ингэхдээ урамшуулал нь халамжийн бодлогоос өөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн байх ёстойг тэмдэглэсэн юм. Түүнчлэн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон иргэдийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, тэр дундаа Налайхын уурхайн цооногуудыг хаах хүртэл арга хэмжээ авах талд төр тууштай ажиллах шаардлага тулгарч байгааг онцоллоо. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд зөвхөн ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулаад зогсохгүй, дээр дурдсан бусад асуудлыг шийдвэрлэх хүрээнд асуудалд цогцоор хандах шаардлагатайг Ерөнхий сайд хуралдааны эхэнд онцолсон юм.

Уг хуралдаанд мэдээлэл хийсэн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудыг өртгөтгөх талд төр анхаарах шаардлагатай болсон гэв. Өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд 63 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль, төв үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийт 27 мянган залуусыг сургах суудлын тоотой ч, 49 мянгыг сургаж буй. Үүнийг дагаад дээрх сургуулиудын гуравны нэг нь гурван ээлжээр, бусад нь хоёр ээлжээр хичээллэж байгаа гэнэ. Яамдуудаас авсан судалгаагаар энэ жил барилгын мэргэжилтэн 10042, хөдөө аж ахуйн чиглэлээр 5416, уул уурхайн чиглэлээр 1331 ажилтан шаардлагатай байгаа. Авто зам барихад 3000 мэргэжилтэн шаардлагатай ч түүнийг нь өнөөгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль, төвүүдээр хараахан бэлтгээгүй байгаа тул энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх бааз суурь бий болгох, сургуулиудын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэрэг олон ажлыг шат дараатай хийх шаардлага гарч байгааг уламжилсан юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж