Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшиж, сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт, мөн МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч Д.Сарангэрэл, МАХН-аас нэр дэвшигч Ц.Оюунбаатар нарыг өчигдөр чуулганы хуралдаанаар тангараг өргүүлэхээр болоод байсан юм. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар чуулганы хуралдааныг өнөөдөр болгож, хойшлуулсан билээ. Харин өнөөдөр 55 гишүүн ажилдаа ирсэн байна. УИХ-ын гишүүдээс гадаадад томилолттой тав, орон нутагт зургаа, өвчтэй нэг, ажлаа тасалсан гурван гишүүн байгаа аж. Нэгэнт гишүүдийн ирц 78 хувьтай байгаа тул чуулганыг хуралдуулж, хэлэлцэхээр төлөвлөсөн бусад асуудлуудаа хэлэлцэхээр болжээ.
Харин гишүүдийн тангараг өргөх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан. Тэр үед дээр дурдсан дөрвөн эрхмээс гадна БЗД-ийн тойрогт ялсан МАН-ын нэр дэвшигч хамт тангараг өргөх бололтой.