Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь бүрэн эрхт гишүүн орон болоход Европын холбооны дэмжлэг их байсныг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар Элчин сайдуудад танилцуулав. Монгол Улсын хувьд 2012-2016 онд уул уурхайн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр тодорхой болсон байна. Тухайлбал, Оюутолгойн төсөл амжилттай хэрэгжиж байгаа бол Тавантолгой төслийн хувьд дэд бүтэц, төмөр замын асуудлаа шийдэхээр гэрээ хэлэлцээр хийж байгаа. Сайншандын аж үйлдвэрийн паркийн тухайд зөвлөх компаниа сонгох ажлаа хийж эхлүүлсэн. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгааг дуулгалаа.
Түүнчлэн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч талтай харилцан ойлголцож ажиллаж байгааг дуулгасан юм.