Нүүрс
Сүүлийн хоёр жилд зэсийн баяжмалын урдуур орж, экспортын гол бүтээгдэхүүн болсон коксжих нүүрс энэ жил хамгийн барцадтай байсан гэхэд болно. Эхний 10 сарын байдлаар дөнгөж 16 сая 546 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос нэг сая хүрэхгүй тонноор л илүү байна. Уг нь энэ жил 33 сая тонн буюу өнгөрсөн жилийнхээс 60 орчим хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байсан юм. Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, гангийн үйлдвэрлэлийн бууралт Монголын коксжих нүүрсэнд хамгийн том цохилт болсон нь эндээс харагдана. Оны эхний хагаст экспортын хэмжээ нэлээд өсөлттэй байсан юм. Нийт 10,3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх онтой харьцуулахад 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт. Үнийн дүнгийн хувьд ч нийт нэг тэрбум гаруй доллар нүүрснээс олсон нь өнгөрсөн жилийн 700 сая доллартай харьцуулахад 30 хувиар өссөн байна.
Гэвч долоо, наймдугаар сард экспортын хэмжээ огцом унаж, хоёр сарын экспортын хэмжээ ганцхан зургадугаар сарын хэмжээнд ч хүрсэнгүй. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” зэрэг хэд хэдэн компанийн экспорт түр хугацаанд зогссонтой шууд холбоотой юм. Экспортын хэмжээ буурахтай зэрэгцээд коксжих нүүрсний үнэ ч 30 гаруй хувиар буурсан нь компаниудын орлогод хүндээр тусчээ. Хэдий ес болон аравдугаар сараас экспортын хэмжээ аажмаар нэмэгдэж, 2 сая тонн даваад байгаа ч үнийн дүн нь бууралттай хэвээр байна.
Оны эхний 10 сарын байдлаар 16,5 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос 0,9 сая тонноор илүү байгаа ч үнийн дүнг нь аваад үзвэл 1,627 тэрбум доллар болж, өнгөрсөн оныхоос найман сая доллараар л илүү байгаа юм. Үлдсэн хоёр сарын хувьд байдал тийм ч сайн болохгүй нь тодорхой байгаа. Экспортын хэмжээ оны эцэст 20 сая тоннд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Ирэх жил ч коксжих нүүрсний таагүй байдал үргэлжилнэ хэмээн олон улсын судалгааны байгууллагууд дүгнээд байна.
Эх сурвалж: Mongolian Mining Journal
Зэс
Монголын зэсийн баяжмал ганцхан “Эрдэнэт” үйлдвэрээс гардаг. 30 гаруй жил ажилласан үйлдвэрийн хувьд экспортын хэмжээ харьцангуй тогтвортой байгааг графикаас харж болно. Эхний 10 сарын байдлаар 479 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн мянган тонноор илүү байна.
Харин үнийн дүнгийн хувьд өнгөрсөн жилийнхээс 20 орчим хувиар буурчээ. Эхний 10 сард 696 сая долларын орлогыг экспортоос олсон нь өнгөрсөн оныхоос 132 сая доллараар багасчээ. Энэ нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн бууралттай шууд холбоотой. Хэдий зэсийн үнэ 7600 доллараас доошлохгүй байгаа ч өнгөрсөн онтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн жил зэсийн үнэ рекорд тогтоож, 10 мянган доллар давж байсантай харьцуулбал энэ жил 20 гаруй хувиар буураад байгаа юм.
Ирэх жил зэсийн баяжмалын экспортын хэмжээ огцом нэмэгдэх тооцоо бий. Оюутолгой төслийн ил уурхай ашиглалтад орсоноор 382 мянган тонн зэсийн баяжмал экспортлох боломжтой. Ингэснээр зэсийн баямалын экспорт ирэх жил 50 гаруй хувиар нэмэгдэх юм. Зэсийн үнэ тогтвортой байна хэмээн шинжээчид таамаглаж байгаа болохоор экспортын орлого ч нэмэгдэх боломжтой юм.
Эх сурвалж: Mongolian Mining Journal
Төмрийн хүдэр
Хятадын гангийн үйлдвэрлэлийн бууралтаас шалтгаалан Монголын коксжих нүүрсний экспорт буурсан бол төмрийн хүдрийн экспорт бага ч гэсэн өссөн дүн гарчээ. Эхний 10 сарын байдлаар 5 сая 311 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өмнөх оныхоос 543 мянган тонноор илүү байгаа юм. “Болд Төмөр Ерөө гол”, “Алтайн хүдэр”, “Бэрэн групп” гээд төмрийн хүдэр, баяжмал экспортлогч хэд хэдэн томоохон компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа.
Долдугаар сард экспортын хэмжээ 471 мянган тонн болж өмнөх сарынхаасаа бараг 2 дахин буурсан, есдүгээр сард ч мөн адил 371 мянган тонн болж, өмнөх сарынхаасаа 2 дахин, өмнөх оны үеийнхээс 10 гаруй хувиар буурсан нь төмрийн хүдрийн экспорт тогтвортой биш байгааг харуулна. Зарим эх сурвалжийн хэлснээр экспортлогч хэд хэдэн компанийн үйл ажиллагаа түр хугацаагаар зогссон нь экспортын дүнд нөлөөлж байгаа аж. Хятадын нүүрсний импорт төдийгүй төмрийн хүдрийн импорт ч тодорхой хэмжээгээр буурч, агуулах дахь нөөцийн хэмжээ нэмэгдэж байгаа нь Монголын компаниудад ч хамааралтай юм.
Харин үнийн дүнгийн хувьд 436 сая доллар болсон нь өнгөрсөн оны эхний 10 сарын орлогоос 88 сая доллараар илүү байна. Экспортын хэмжээ хагас сая тонн буюу дөнгөж 11 хувиар нэмэгдсэн ч үнийн дүн нь 25 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь нэг талаас Монголын төмрийн хүдрийн экспортын үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгааг, нөгөө талаас төмрийн хүдрийг баяжуулан экспортлох нь нэмэгдсэнийг харуулж байгаа юм. Ирэх жилээс хэд хэдэн компани төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрээ шинэчлэх, шинээр барихаар төлөвлөж байгаа бөгөөд цаашдаа төмрийн хүдрийн баяжмалаас орох орлого ч нэмэгдэх юм. Ирэх жил 10 орчим сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортлох тооцоо бий.
Эх сурвалж: Mongolian Mining Journal
Алт
Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас хойш огцом унаад байсан алтны олборлолт, экспорт дээрх татварыг цуцалснаар дахин сэргэнэ гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан. Харин энэ жилийн эхний 10 сарын дүнг харвал өмнөх оноос 20-иод хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эхний 10 сарын байдлаар хоёр тонн алт экспортлоод байгаа нь өнгөрсөн оныхоос 0,3 тонноор бага юм. Графикаас харвал хоёроос зургадугаар сар хүртэл өнгөрсөн оныхоос маш бага алт экспортлогджээ. Зөвхөн сүүлийн хоёр сард л хэмжээ нэмэгдсэн байна.
Үнийн дүнгийн хувьд ч 85,5 сая доллар болж, өнгөрсөн оныхоос 13 гаруй сая доллараар буурчээ. Харин ирэх жил алтны экспорт эрс нэмэгдэх хандлагатай байна. Оюутолгой ордын үйлдвэрлэл эхэлснээр ирэх жил 424 мянган унци /12 тонн/ алт экспортлох тооцоо бий. Ингэснээр алтны экспортын хэмжээ 5-6 дахин нэмэгдэх юм.
Эх сурвалж: Mongolian Mining Journal