Евро бүс, ОУВС-гийн маргаан-Грекийн өр

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Евро бүс, ОУВС-гийн маргаан-Грекийн өр

Евро бүсийн орнуудад Грекийн өрийг цайруулах талаар нээлтэй яриаг анх удаа өрнүүлж байна. Евро бүсийн орнуудын Сангийн сайд нар Афинд шинэ зээл олгохыг санал болгож, харин ОУВС хуучин өрийг нь цайруулах санал дэвшүүлэв.
 
Арваннэгдүгээр сарын 20-ны орой  евро бүсийн Сангийн сайд нартай Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лаггард Грекийн асуудлаар ярилцахаар Брюссельд яаралтай цугларалт хийж  эхлэв.

Афинд санхүүгийн тусламжийн хоёр дахь хэсэг яаралтай шаардлагатай байгаа юм. Евро бүс болон ОУВС зөрөлдөөнөө яаралтай зохицуулж чадвал тусламжийн хоёр дахь хэсэн болох 44 тэрбумыг шилжүүлэх учиртай юм.

Грек зарлагаа эрс буулгаж, шинэчлэлийг эхлүүлэн ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч улсын төсвийнхөө цоорхойг нөхөж чадаагүй байгаа.

Европын холбоо, Европын Төв банк (ЕТБ) болон Олон улсын валютын сангийн (ОУВС) “гурвал” амлалтаа биелүүлэхэд нь Грект хоёр жилийн хугацааг нэмж олгохын төлөө байна. Ийм маягаар улсын төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцүүлэх үүргийг Грек 2016 он гэхэд биелүүлсэн байх ёстой юм.

Ээлжит цоорхойг хэрхэн нөхөх вэ?

Цаг бол алт. Хоёр жилээр сунгасан хугацаанд нэмэлт тэрбумууд хэрэгтэй болно. Иймээс евро бүсийнхэн, ОУВС-гийн хооронд маргаан дэгдээд байна. Европчууд өөрсдөө баталгаа болгон Грект шинэ зээл олгох саналтай байгаа.

Ханс-Вернер Зинн
Зээлийг хэзээ нэгэн цагт хүүгийн хамт буцаан төлөх нь ойлгомжтой. Харин баталгаа бол эхний удаад  ямар ч үнэ цэнэгүй зүйл. Энэ нь евро бүсийн орнуудын Засгийн газрууд  Грекийг аврахын тулд өөрсдийн татвар төлөгчдөд ачаалал үүрүүлэхгүй гэдгийг сонгогчдод ухуулсаар байна гэсэн үг юм.
Гэтэл ийм хувилбар нь ОУВС-нд таарахгүй байгаа бөгөөд шинэ зээл нь Грекийн өрийн хэмжээг нэмэгдүүлэх ба цаашид өрийг багасгах ёстой хэмээн сан үзэж байна. Өнөөдөр ДНБ-ний 180 хувьтай тэнцэх өрийн хэмжээг 2020 он гэхэд 120 хувьд хүргэх  ёстой гэж тохирлцсон байгаа билээ.

ОУВС-тай үүссэн маргаан

Мюнхений IFO хүрээлэнгийн Ханс-Вернер Зинн (Hans-Werner Sinn) “ОУВС-гийн тооцоо нь 2020 онд биелэгдэхгүй элсээр бүтээгдсэн” гэж үзэв. “Грекийн өр өснө. Хямралын улмаас тус орны эдийн засаг өрсөлдөх чадвараа алдсан” гэж шинжээч дүгнэж байна.

Еврогруппын тэргүүн  Жан-Клод Юнкер 2022 он хүртэл хугацааг нь сунгахад асуудал байхгүй гэж үзсэн. Харин ОУВС-гийн захирал Кристин Лагард үүний эсрэг хатуу зогсч байна. “Олон улсын валютын сангийнхан зөвхөн Европын биш шилжилтийн эдийн засагтай олон орнуудыг харж байна” хэмээн Килийн Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн орлогч дарга асан, эдийн засгийн профессор Рольф Лангхаммер (Rolf Langhammer) тайлбарлав.

“Тэдгээр орнуудад ОУВС-гийн тусламж өгөх нөхцөл байдлыг сайн мэднэ. Тиймээс сангийн зээлдэгч нар харьцангуй баян Европын орнуудад өгч байгаа либерал нөхцөлтэй эвлэрэхийг хүсэхгүй байгаа нь Кристин Лагардын хандлагаар илэрч байна” гэж профессор хэлэв.

Өрийн бүтцийг дахин өөрчлөх нь

ОУВС-гийн захирал евро бүсийн орнууд Афины өрийн зарим хэсгийг цайруулах ёстой гэв. Өрийн бүтцийг өөрчлөх эхний оролдлогоор хөрөнгө оруулагчид хөрөнгийнхөө хэсгийг алдсан билээ. Хэрэв дахиад өрийн бүтцийг шинэчилбэл евро бүстийн орнуудад бодит хохирол учирна гэж шинжээчид үзэж байгаа.

Тиймээс Германы Сангийн сайд Вольфганг Шойбле өрийн бүтцийг шинэчлэх энэхүү хувилбарыг эсэргүүцэж байгаа. Евро бүсийн орнуудын хуулиар өртэй улс оронд шинэ зээл өгөхдөө хуучныг нь цайруулахыг хориглосон байгаа гэж Шойбле ARD телевизээр ярихдаа хэлжээ.

Сонгогчдын айдас

Кристин Лагард, Вольфганг Шойбле
Грекийн өрөөс цайруулбал германчуудадын татварын мөнгөнөөс хэдэн тэрбум алдагдах учраас ХБНГУ-ын Сангийн сайдын ингэж тууштэй эсэргүүцэж байгаа. Тиймээс Шойбле шинээр олгох зээлийг маш бага хүүтэйгээр өгөх саналтай байна. Гэхдээ ийм хувилбар нь донор орнуудад ямар гарз учруулж болох талаар сайд энэ удаад ямар нэгэн зүйл хэлсэнгүй.

Вольфганг Шойбле герман сонгогчдын сэтгэлийг гонсойлгохыг хүсэхгүй байгаа лавтай. Харин еврокомиссар Гюнтер Эттингерийн хувьд энэ сэдвээр ярих нь чөлөөтэй. Тиймээс тэрээр Грекийн өрийн бүтцийг зайлшгүй шинэчлэх ёстой гэж мэдэгдэж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж