”Гурвал” Португалид зээлийн шинэ хэсгийг шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

”Гурвал” Португалид зээлийн шинэ хэсгийг шилжүүлнэ

Олон улсын зээлдүүлэгч "гурвал" Португалид тусламжийн ээлжит хэсэг 2,5 тэрбум евро шилжүүлэхээр болов. Төсвийн алдагдлыг бууруулах үүргээ Португали биелүүлж байна гэж тэд үзэж байна.

Эдийн засгийн гүнзгий хямралд байгаа Португали олон улсын зээлдүүлэгчдийн зүгээс шинэ зээл авахаар болж байна. Европын холбоо, Европын Төв банк (ЕТБ) болон Олон улсын валютын сан (ОУВС) зэрэг зээлдүүлэгч гурав даваа гаригийн орой тус оронд зээлийн шинэ хэмжээг 2,5 тэрбум евро олгохоор шийдсэн тухай “Reuters” мэдээлэв.

Мөнгийг ирэх нэгдүгээр сард өгөх юм. Гурван жилийн санхүүгийн тусламж болгон амласан 73 тэрбум еврогоос ийнхүү Португали 64 тэрбумыг нь аваад байна. Гурвал илтгэлдээ Лиссабон хэмнэлт, шинэчлэл хийх талдаа ихээхэн дэвшил гаргаж чадлаа гэж дүгнэжээ.

Түгшүүр хэвээр

Ажилгүйдлын өсөлт, мөн орлогын болон экспортын хэмжээ буурч байгаа нь зээлдэгчдийг түгшүүлж байна. Гэхдээ “гурвал” тус улс төсвийн алдагдлыг буулгах үүргээ биелүүлж байгаа нөхцөлд тусламжинд найдаж болно гэв.

Португалийн Сангийн сайд Витор Гашпар зээлдэгчидтэй байгуулсан  тохиролцооны арга хэмжээний 95 хувийг хэрэгжүүлэн гүйцэтгэсэн гэж тааламжтайгаар мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Педру Пасуш Коэльюгийн барууны төвийн Засгийн газар зээл авахдаа улсын төсвийн алдагдлын 2009 оны 10 хувийг 2014 он гэхэд  дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцүүлэх үүргийг хүлээсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж