Лондонгийн “Челси” клубын дасгалжуулагч Роберто ди Маттео үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсон тухай тус багийн удирдлага мэдэгдлээ. Өнгөрсөн улиралд багийн түр дасгалжуулагчаар ажиллаж, Лондонгийн “Цэнхрүүд”-ийг Аваргуудын лиг болоод FA Cup-ын аваргад хөтөлсөн тэрбээр өнгөрсөн зургадугаар сард хоёр жилийн хугацаатай гэрээний санал хүлээн авсан юм. Харин өнгөрсөн шөнө болсон Аваргуудын лигийн хүрээнд “Челси” Италийн “Ювентус” клубт 3:0 харьцаатай хожигдсоноор хэсгийн шатнаас мултарч магадгүй хүнд байдалд орсны дараа Ди Маттео “Стэмфорд Бриж”-ийг орхихоор болжээ.
“Челси” энэ улирлыг гайхалтай эхлүүлсэн ч сүүлийн найман тоглолтоос ердөө хоёр хожил авсан. Өдгөө тэд Премьер лигийн хүснэгтийн гуравдугаар байрт, тэргүүлэгч “МанЮ”-гаас дөрвөн онооны зөрүүтэй байгаа юм.
Багийн удирдлагын зүгээс багийн шинэ дасгалжуулагчийн талаар ойрын хугацаанд мэдэгдэл хийнэ гэжээ.
С.ЦЭЛМЭГ