Дэд сайд Б.Болор хатагтай Хорибетэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Дэд сайд Б.Болор хатагтай Хорибетэй уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болор Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Нобуко Хорибе-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 50 жилийн ой тохиож буй түүхэн жил манай улсад айлчилж байгаад хатагтай Нобуко Хорибе-д талархал илэрхийлж, НҮБ-ын Хүн амын сантай хөгжүүлж байгаа харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. НҮБ-ын Хүн амын сангаас нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүн ам зүйн хөгжлийн асуудлууд болон жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. 2012-2016 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, дунд болон урт хугацааны бодлогуудтай уялдуулна гэдгээ хатагтай Нобуко Хорибе мэдэгдэв. Гэр бүл төлөвлөлтийн асуудлыг сайжруулах, залуучууд, хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэдэд тусламж, дэмжлэг түлхүү хүртээх асуудлаар цаашид анхаарч ажиллах шаардлагатайг   мөн онцлон тэмдэглэсэн байна. Гадаад харилцааны дэд сайд Б.Болор НҮБ-аас манай улсын хөгжлийн зорилтуудыг байнга дэмжсээр ирсэнд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, “НҮБ-аас 2012-2016 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэхэд ГХЯ онцгойлон анхаарч, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж