СЕХ-ны дарга сонгогчдыг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

СЕХ-ны дарга сонгогчдыг уриалав

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн аймаг,
сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль өнөөдөр болж буйтай холбогдуулан сонгогчдод хандаж үг хэллээ. Түүний хэлсэн
үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

Монгол Улсын аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 2012 оны
сонгуулийн санал хураалт 11 дүгээр сарын 21-ний өдрийн Лхагва гаригт
улс орон даяар 7-22 цагийн хооронд болно. Манай иргэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа өөрсдийн төлөөлөгчөөр бүрдүүлэх гэж байна. Сонгуулийг хуулийн хүрээнд шударга зохион байгуулж явуулах, сонгогчдод
сонгох, сонгогдох эрхээ бүрэн эдлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлэхээр 21
аймаг, 330 сум, 9 дүүргийн сонгуулийн хороо, 2010 хэсгийн хороо, нийт
2370 сонгуулийн хороо зохион байгуулагдан ажиллаж байна. Эдгээр хороодод сонгуулийн хорооны гишүүн, иргэний бүртгэлийн
итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн хамгаалалтын ажилтан, мэдээллийн
технологийн багийн ажилтан, даамал, нийт 23000гаруй төрийн албан хаагчид
ажиллаж байна.

Сонгуульд сонгогчийн санал авах 2010 байр, 2500 санал авах, тоолох
төхөөрөмж, сонгогчийг цахим үнэмлэхээр бүртгэх 2615 техник хэрэгслийг
бэлэн болгоод байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан судалгаагаар 1.862.500-гаад сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. Энэ удаагийн сонгуульд 7 нам, хоёр эвсэл оролцон, тэдгээр нам, эвслээс болон бие даан нийт 19400 гаруй нэр дэвшигчид өрсөлдөнө. Сонгуульд оролцохоо илэрхийлж нэр дэвшинэ гэдэг бол өндөр хариуцлага, нэр төрийн хэрэг мөн билээ.

Сонгуульд нам, эвслүүд, нэр дэвшигчид улс төрийн өндөр соёлтой, ёс
зүйтэй, хууль дээдлэх зарчмыг баримталж оролцсоноор сонгогчдод шударга
сонголт хийх боломжийг олгоно гэж үзэж байна.

Эрхэм хүндэт сонгогчид оо!

Энэ сонгуулиар Та бүхэн ирэх 4 жилд өөрсдийгөө нутаг орондоо төлөөлж
ажиллах Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөө сонгож, төрийн хэргийг
удирдах нэн хариуцлагатай улс төрийн томоохон үйл явдалд оролцож байгаа
билээ.

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж Иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын
төлөөлөгчөө сонгоход сонгогч бүр идэвхтэй оролцохыг Сонгуулийн ерөнхий
хорооны нэрийн өмнөөс Та бүхэндээ уриалж байна.

Төрийн хэргийг удирдахад сонгогч Таны оролцоо чухал гэдгийг Та ухамсарлаарай.

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа!

Энэ удаагийн сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Та бүхний ажлын өндөр хариуцлага, зохион байгуулалт, шударга
ажиллагаанаас нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг эмхлэн байгуулах
үйл хэрэг шууд хамааралтай гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ удаагийн сонгууль өвлийн улиралд болж байгаатай холбогдуулан Монгол
Улсын Сонгуулийн ерөнхий хороо аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод
болон аймаг, дүүргийн Засаг дарга нарт хандаж байгалийн болзошгүй хүнд
нөхцөл байдлыг харгалзаж бэлтгэлээ сайтар хангах, шаардлагатай үед
шуурхай арга хэмжээ авч ажиллахыг зөвлөсөн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос цас их
орсон болон алслагдсан аймаг, сумдад зориуланболзошгүй зардлыг нэмж
хуваариллаа.

Өмнө нь УИХ-ын сонгуулийн үеэр үерт боогдсон сонгогчдыг онцгой байдлын
тээврийн хэрэгслээр зөөж саналыг нь өгүүлж байсан туршлага манай
сонгуулийн хороодод бий. Үүний нэгэн адил цаг агаар муудаж, зам, даваа хаагдсанаас цасанд
боогдсон сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангах арга хэмжээг аймаг,
сумдын сонгуулийн хороод авах хэрэгтэй байна. Цаг агаарын хүндрэлтэй байгаа хэсгийн судалгааг гаргаж сонгогчдын саналыг өгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгууль
Монгол Улсын орон нутгийн сонгуулийн түүхэнд чухал байр суурь эзлэх
болно. Энэ удаагийн сонгууль нь шинэ эрх зүйн орчин, шинэ тогтолцоо,
зарчмаар явагдах гэж байна. Мөн анх удаа автоматжуулсан систем ашиглахаар хуульчлагдсан.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа сонгож бүрдүүлэх үйлсдээ иргэд
сонгогчид өндөр идэвхи гарган оролцож, Монгол Улсын иргэнийхээ үүргийг
нэр төртэй биелүүлнэ гэдэгт Сонгуулийн ерөнхий хороо бүрэн итгэлтэй
байна.

Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай!

Сонгуульдаа бүгдээрээ идэвхтэй оролцогтун!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж