тоглолтын дараа Дэвид Бэкхэм “ЛА Галакси” багийг орхих шийдвэр гаргажээ.
“Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” гээд топ төвшний багуудад тоглож,
дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд нэрээ тахалсан тэрбээр Америкийн
хөлбөмбөгийн ногоон талбайд зургаан жилийг өнгөрүүлсэн юм. Харин өдгөө
цаг нь болсон гэж үзжээ. Тэрбээр энэ тухайд “ЛА Галакси”-гийн төлөө
тоглосон цаг мөч бүхэн үнэхээр онцгой. Гэхдээ би зодог тайлахаасаа өмнө
өөрийгөө сүүлийн удаа өөр том зүйлд сорихыг хүсч байна. Хэдий багаасаа
явж байгаа ч MLS-тэй би үргэлж холбоотой байх болно. Учир нь би ирээдүйд
MLS-т багтай болохыг мөрөөддөг” хэмээн ярьжээ.
Өдгөө 37 настай Дэвид Бэкхэм 2007 оны нэгдүгээр сард “ЛА Галакси” багтай
гэрээ байгуулсан. Харин үүнээс өмнө Испанийн эзэн хааны “Реал Мадрид”
клубт дөрвөн жилийг үдсэн билээ. Сэр Алекс Фергусоны удирдлага дор
“МанЮ”-гийн цэрэг явсан тэрбээр 1999 онд “Улаан чөтгөрүүд”-ийн хамт нэг
улиралд гурван цомын эзэн болж байсан нэгэн.
Нэгдсэн улсын хөлбөмбөгийн спортыг дахин нэг алхам урагшлуулах хөдөлгүүр
нь байж чадсан түүний талаар MLS-ийн комиссар Дон Гарбер “Дэвид Бэкхэм
2007 онд “ЛА Галакси” багтай гэрээ байгуулснаар Хойд Америкт
хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, MLS-ийн нэр хүнд, цар хүрээг
өсгөж чадсан. Түүнийг анх MLS-т хөл тавихад одоогийнх шиг ийм нэр
хүндтэй байгаагүй гэдэгт эргэлзэх зүйлгүй” хэмээжээ.
Бэкхэм өнгөрсөн долоо хоногт Австралийн хөлбөмбөгийн А лигийн багтай
холбоо тогтоож буй тухай мэдээлэл гарсан юм. Тус лигийн “Мелбурн Херт”
багийн захирал Скотт Манн Бэкхэм гэх “брэнд”-ийг Австралид авчрах
хүсэлтэй байгаагаа илэрхийлж, үүний төлөө хөрөнгө мөнгө харамлахгүй
гэдгээ ч хэлжээ. Тиймээс хөлбөмбөгийн ‘fashion icon’ гэгддэг Дэвид
Бэкхэм гэр бүлийн хамт Австралид суурьшиж магадгүй юм. Өөр нэг хувилбар
байгаа нь Хятадын Супер лиг. Лондонгийн “Челси” клубын од тоглогчид
байсан Дидье Дрогба, Николя Анелька нарын сонголт Бэкхэмийг ч бас тэр
зүгт татаж болох юм.
С.ЦЭЛМЭГ