Инфляцийг бууруулах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Инфляцийг бууруулах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Манай улсын хэмжээнд инфляци 15 хувьтай байна. Ирэх оны эцэс гэхэд инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй барих зорилтыг Монголбанкнаас тавиад байгаа. Энэ зорилтын хүрээнд Засгийн газартай хамтарч “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулсан билээ. Уг хөтөлбөрт “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөгийг бууруулах”, “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” гэсэн дөрвөн дэд хөтөлбөр багтаж байгаа юм.

“Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөгийг бууруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх өнөөгийн байдал хийгээд тулгамдаж буй асуудлууд, шийдэх арга замыг хайсан уулзалт ярилцлага өнөөдөр Монголбанк дээр боллоо. Хуралд Монголбанк, Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам болон Монголын логистикийн холбоо, Хүнс импортлогчдын холбоо, Барилгын ассоциацийн төлөөллүүд оролцсон юм. 

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б. Жавхлан “Бидний зүгээс эрэлтийн чанартай инфляцийг мөнгөний бодлогоор барьдаг. Харин нийлүүлэлтийн чанартай инфляцийн учир шалтгааныг олохоор Засгийн газартай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийг барих үүднээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах шаардлагатай байгаа. Энэ шаардлагаас улбаалан салбар яамдуудтай хамтарч Улаанбаатар төмөр замд зээл олгож, төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх замаар импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зардлыг багасгаж, үнийг барих боломжтой" гэлээ.

Хурлын үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд тээврийн зардал ихээхэн нөлөөтэй тул түүнийг хэрхэн хэмнэх талаар ярилцсан юм. Хүнс болон барилгын материал зөөх, тээвэрлэхэд галт тэрэг учир дутагдалтай байдаг тул галт тэрэгний терминал нэмж байгуулах хэрэгтэй гэсэн санал ч гарч байлаа. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг хил дээрээс тээвэрлэхдээ барилгын материал ачсан галт тэргэнд шууд ачдаг нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зэрэг асуудлыг хөндсөн юм.  

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж