УУЯ-наас ”Саутгоби”-д бичиг хүргүүлнэ гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

УУЯ-наас ”Саутгоби”-д бичиг хүргүүлнэ гэжээ

Нийт 600 гаруй ажилтантай “Саутгоби Сэндс” компани нийт ажиллагсдынхаа гуравны нэгийг буюу 200 ажилчнаа цомхотгох гэж буй. Үүнийг эсэргүүцсэн ажилчид МҮЭХ-нд хандсаны дагуу өнөөдөр Эрчим хүч, геологи, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ.

“Саутгоби Сэндс” арваннэгдүгээр сарын 15-нд 200 гаруй ажилтандаа цомхотгол хийх болсноо мэдэгдэж, удахгүй хөдөлмөрийн гэрээг нь цуцлах тухай мэдэгдэл өгсөн байна. Компанийн зүгээс нүүрсний борлуулалт унаж, худалдан авагчгүй болж, улмаар компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон тул зардлаа нөхөх үүднээс ийнхүү цомхотгол хийх болсон гэж ажилчдадаа тайлбарлажээ.

“Саутгоби Сэндс” Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь нүүрсний уурхайгаа хааж, сул зогсолт хийж, ажилчдынхаа цалингийн 60 хувийг өгч байсан ба энэ ч гэсэн компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэжээ.

Компанийн дээрх үйлдлийг Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс ёс зүйгүй үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлэв. Аливаа байгууллага, компани орон тооны цомхотгол хийхээр бол эхлээд үйлдвэрчний эвлэлд мэдэгдэж, ямар нэг зөвшилцөлд хүрэх ёстой. Харин “Саутгоби” компани энэ тухай огт зөвшилцөлгүйгээр ажилчдадаа мэдэгдэл өгсөн нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг  Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Ганболд хэлэв. Түүнчлэн тухайн компани цомхотгол хийх болсон тухайгаа Хөдөлмөрийн биржид мэдэгдэх ёстой байдаг аж.

”Саутгоби Сэндс” одоогоор ажилчдадаа цомхотгол хийх мэдэгдэл өгсөн бөгөөд хараахан ажлаас нь чөлөөлөөгүй байна. Мэдэгдэлдээ арванхоёрдугаар сарын 31-нд Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай дурджээ. Ингээд мэдэгдэл авсан 200 ажилчид Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандаж, улмаар дээрх асуудлаар Уул уурхайн яаманд хандсан байна. Салбарын яамны зүгээс “Саутгоби Сэндс”-ийг энэ шийдвэрээ эргэж харахыг уриалсан бичиг явуулна гэдгээ Үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдэгдсэн гэнэ.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж