“Онгон нутгийн өв соёл”-ыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

“Онгон нутгийн өв соёл”-ыг танилцуулна

Үндэсний музейд “Онгон нутгийн өв соёл” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15 цагт болно. Уг үзэсгэлэнд Онгон нутгаас олдсон эртний үнэт олдворууд анх удаа олон түмэнд нээлттэй дэлгэгдэж буй юм.

Улаанбаатарт Сүхбаатар аймгийн соёлын өдрүүд болж буй. Энэ хүрээнд  Сүхбаатар аймгийн Онгон сумаас олдсон эртний олдворуудаар бүрдсэн уг үзэсгэлэнг МУИС-ийн археологи, антропологийн тэнхим, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей, Соёлын Өвийн төв, Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар, Онгон сумын Засаг даргын тамгын газар, Соёл, яруу найргийн академи зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй аж.

Онгон сумын нутагт XIII- XIV зууны үеийн гэх чулуун хөрөг буюу хүн чулуун 10 дурсгал, Бударын чулуу, Шартын хад тэргүүтэн сүг зураг, эртний тахилгын ул мөрийг хадгалсан олон газар байдаг.
Онгоны Тавантолгойд археологич Д.Наваан  МУИС-ийн археологи, антропологийн ангийн оюутнуудтай XIII- XIV зууны булшийг малтаж, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олон гайхамшигт дурсгалуудыг олсон юм. Түүний дотор Боржигон овгийн алтан ургийн цагаан шонхор шувууны дүрс нууцалж сийлсэн шигтгээтэй алтан бөгжийг Д.Наваан “Дарьгангын алтан шонхор” хэмээх нэрээр шинжлэх ухааны эргэлтэд оруулсан юм. Археологич Д.Навааны археологийн олдворуудыг түүний шавь, доктор У.Эрдэнэбат үргэлжүүлэн судалж байна. Мөн өнгөрсөн намар археологич, доктор Ц.Төрбат Онгон Тавантолгойд малтлага хийж, ясан тамга, исэр сандал зэрэг маш ховор чухаг олдвор шинжлэх ухааны онцгой хэрэглэгдэхүүн олж нээсэн юм.

Онгон нутгийн хүү, яруу найрагч Г.Мэнд-Ооёо бээр “Онгон нутгийн өв соёл” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр санаачилсөн бөгөөд  Монгол орны зөвхөн нэг сумын нэг зурвас газар гэхэд л түүх, соёлын ямар гайхалтай өв соёлыг хадгалж байдаг хийгээд түүнийг судлах, хамгаалахын чухлыг олон нийтийн анхааралд толилуулан төр засаг, эрдэмтэн судлаачдын өмнө цаашид юу хийх хэрэгтэй вэ гэх асуудлыг дэвшүүлж байгаа аж.
Онгон сумын Тавантолгой, Шивээт, Шартын хад зэрэг газарт буй эртний хүн чулуун хөргүүд нь Монголын төдийгүй Төв Азийн чулуун дурсгалуудын гайхамшиг болохын хувьд төрийн хараа хамгаалалт, түүнд зориулах хөрөнгө санхүүгийн дэмжлэг ихээхэн шаардлагатай байгааг ч бид энэ үзэсгэлэнгээрээ сануулж байгаа юм.

О.МӨНХНАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж