Ямар ч байсан УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваариар өнөөдөр таван ч байнгын хороог хуралдуулахаар тов зарлажээ. Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас зарлагдсан бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.30 цагт эхэлж Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын гадаад бодлого, хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах тухай асуудлаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсох аж.
Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас зарлагдсан бөгөөд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Харин УИХ-ын Хууль зүй болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагт зарлагдсан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Улмаар Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж Хадгаламжийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэхүү хэлэлцэх асуудлын дарааллыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргажээ.
Энд нэг зүйлийг онцлоход, арваннэгдүгээр сарын 22-нд зарлагдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал багтсан ч УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын тайлбараар бол “Д.Сарангэрэл, Д.Зоригт, Г.Батхүү нарыг хэзээ УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх вэ гэдэг нарийн тов гараагүй байгаа” гэх. Үүгээр бол УИХ элэг бүтэн болтол бас л хугацаа шаардаж мэдэх нь.