Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

1937 он=2013 он

Чухам юуны учир энэ тоонуудыг адилтгах болов. Ямар утгыг илтгэнэ вэ? Бүх юмыг ягштал бүртгэж, статистик бүртэлээр гайхагддаг америкчууд аль хэдийнэ Франклин Д.Рүүзвельт болон Барак Х.Обамагийн дараагийн дөрвөн жилийг харьцуулаад эхэлжээ.

Рүүзвельтийн дахин сонгогдсон 1937 он Барак Обамагийн дахин сонгогдон ажиллаж байгаа 2013 онтой тунчиг төстэй байж. Санхүүгийн зах зээл дээрх байдал, хөнгөн үйлдвэрийн салбарын уналт нүүрлэж, эдийн засгийн нөхцөл байдал тун ээдрээтэй байсан үе. Чухам ээдрээтэй энэ л нөхцөл байдлаараа энэ хоёр оныг харьцуулах шалтгаан урган гарсан гэхэд болно.

Өнгөрөгч 16-ны өдөр АНУ-ын санхүүгийн зах зээл огцом уналтад орж 2012 оны хар баасан гариг хэмээн тэмдэглээд байгаа билээ. Нийгмийн хамгийн гол салбар болох үйлдвэрийн салбар тодорхой хэмжээний уналтад ороод байгаа юм. Судлаачид үүнийг Франклин Д.Рүүзвельтийн дахин сонгогдоод байсан 1937 онтой адилхан гэж дүгнэж байна.

Энэ хоёр хүнийг холбож байгаа нэг зүйл гэвэл хоёулаа нэг намаас нэр дэвшиж ялалт байгуулснаараа ижилхэн. Мөн эдийн засгийн нөхцөл байдал болоод улс төрийн нөхцөл байдал адилхан. Үүнийг хувь заяа гэж тайлбарлахад хэцүү. 1937 оны АНУ-д очъё.

1936 оны төгсгөлөөр дахин сонгогдсон Рүүзвельтийг хүнд нөхцөл байдал хүлээж байсан юм. Аль 1936 оны эхнээс л мэдэгдэж эхэлсэн санхүүгийн аюул 1937 онд биеллээ олж эдийн засаг бүхэлдээ уналтад орсон байна. Рүүзвельтийн өмнөх дөрвөн жилийн засаг барьсан хугацаанд тодорхой хэмжээгээр өсч байсан үйлдвэрлэл тэр дундаа зэсийн үйлдвэрлэл 1937 онд 34.5 болтлоо унасан аж. Дау Жонесийн хувьцаа ч 1937 онд унасаар 1938 онд хамгийн доод төвшинд хүрсэн билээ. Хөрөнгийн зах зээлийн байдал ч уналтад орж үүнийг дагасан эдийн засгийн хямрал нүүрлэж эхэлсэн байна. Ажилгүйдлийн хэмжээ 15 хувиас 7-8 хувьд хүрч дээшилсэн нь “Хямрал, хямрал” гэсэн хэллэгийг ч гаргаж байсан билээ. Тухайн үедээ тодорхой хэмжээний арга хэмжээ авч байсан ч 1940 он гартал ажилгүйдлийн хэмжээ буураагүй юм.

Өнөөгийн АНУ-д эргэн ирье. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан талархлын баярын уур амьсгал ороод байгаа энэ үед хөрөнгийн зах зээл уналтад оров. Томоохон компаниудын хувьцаа хоёр хувиар унаж, хөрөнгийн зах зээл доргиж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар тогтворжиж эхэлсэн ч судлаач мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар дахин унах төлөв ажиглагдаж байгаа юм. Мөн 2008 оны эдийн засгийн хямралаас хойш АНУ-ын дундаж давхаргынхны орлого буурч, ажилгүйчүүдийн хэмжээ ч дорвитой буурахгүй байна. Гэтэл эдийн засгийн өсөлтийг дунджаар 20 хувьд хүргэх “намын даалгавар” бий.

1936 оны Рүүзвельтийн үед төсвийн алдагдал 30 гаруй хувьд хүрч байсан түүхтэй. Мөн апартмент болоод таун хаусуудыг томоохон мужуудад байгуулж байсан ажил нь зогсоход хүрч зарим барилгын ажлыг 5-10 жилийн хугацаатай хойшлуулж байсан юм. Харин энэ удаад Барак Обамаг зарлага багатай төсөв хүлээсэнгүй. Төсвөө танах бодлого баримтлахгүй бол байдал хүндрэхээр төлөвтэй байна. Ямар ч байсан төсөв танах бодлого баримтлана гэдгээ Обама мэдэгдэж байгаа юм. “Бид бүхнийг эхэлнэ. Бүх юм тийм ч амар байхгүй. Уналт, хүнд хэцүү байдал биднийг хүлээж байгаа. Гэхдээ бид ямар ч байсан эерэгээр өөрчилнө” гэж Обама ярьсан билээ. Рүүзвельт 1937 онд зарлага багасгах зорилгоор ямар нэгэн айлчлал төлөвлөөгүй бөгөөд бонд шилжүүлэх ажлыг ч хэдэн жилээр хойшлуулсан гэдэг. Мөн Голландын газар эзэмшигчдээс сар бүр татвар авч, тайлан бүрийг сард хоёр удаа гаргаж байх тушаал гаргаж байсан аж. Рүүзвельтийг дахин сонгогдоход хүн бүр татвар өндөр байна гэж шүүмжилж байсан. Хэдийгээр тухайн үед түүнийг дахин сонгогдох магадлал тун бага гэж байсан ч засгийг дахин дөрвөн жил атгахаар болсон билээ. Өндөр байсан татварыг 1937 оноос дахин бууруулж, татвараа хугацаанд нь төлсөн байгууллага, ард иргэдийг урамшуулах тогтолцоог ч нэвтрүүлжээ. Харин Обамагийн тухайд татварын хөнгөлөлтийг нэвтрүүлэх талаар ярьж байгаа. Гэхдээ томоохон болоод дундаж компаниудад татварыг хэрхэн тогтоох нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байгаа юм. Хамгийн гол нь баячууд бусдаас илүү татвар төлнө гэж удаа дараа мэдэгдэж байгааг мартаж болохгүй.

Барак Обама эхний дөрвөн жилдээ эрүүл мэндийн системийн тухай бодлого боловсруулан 2010 онд баталсан билээ. Харин 2013 онд үүнийг шинэчлэн дахин батлах шаардлага амьдралаас урган гарсан. Угтаа яг энэ бодлогоосоо болж Обама дахин ялахгүй ч байж болох байсан билээ. Мөн тэрээр хөрөнгийн зах зээлийг зохицуулсан бодлого боловсруулах тухай ч яриад амжсан. Эсрэгээрээ Рүүзвельт томоохон бодлогын баримт бичгийг баталж байсан билээ. Тэрээр Засгийн газрын бонд болоод холбооны нөөцийн тухай хууль, Нийгмийн аюулгүй байдал, Вагнерын бодлого зэргийг боловсруулсан байна. Нийгмийн аюулгүй байдлын тухай бодлого нь эхний хэдэн жил хэргэжсэн ч үндсэндээ дахин хэрэглэх боломжгүй гэдэг нь амьдрал дээр батлагдсан учраас гурван жил хэрэглээд больсон билээ. Мөн банкны бодлогыг тодорхойлж, журам баталсан нь дахин сонгогдох нэгэн үндэслэл болсон юм. Харин Обамагийн тухайд жишиг болохуйц томоохон баримт бичгийг хараахан боловсруулаагүй байна. Рүүзвельтийг дахин сонгогдож байх тэр үед бодлого болоод хүчирхэг баг байсан учраас тулгарсан аюулыг богино хугацаанд туулж гарсан гэхэд болно.

1937 оны үеийг одоогийнхтой харьцуулашгүй. Дайны өмнөх жил байсан учраас эдийн засаг тогтворгүй байсан. Мөн дээрээс нь Европын улс орнуудад эдийн засгийн уналт ажиглагдаж эхэлсэн учраас таагүй үзүүлэлтүүд Америкт ажиглагдаж байсан юм. Харин одоо бол 2008 оны хямралын давалгаа татраагүй байгаа, дээрээс нь евро бүсийн хямрал ойрын хэдэн жилдээ татрахгүй байгаа зэргийг харвал АНУ-д шинэ бодлого хэрэгтэй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Харин хэрхэх вэ гэдэг нь асуулт хэвээр байна.

Тоймч Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж