Сонгуулийн дараах тангараг

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дараах тангараг

Орон нутгийн сонгуулийн дараа УИХ-ын шинэхэн гишүүдийн тангаргийн цуваа үргэлжлэх гэж байна.

Үндсэн хуулиараа 76 гишүүнтэй байх ёстой УИХ одоо 70 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй. Уг нь 71 гишүүнтэй байсан ч УИХ-ын гишүүн, МАН-ын У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанаар ийнхүү 70 болоод байгаа. Үлдсэн зургаан гишүүнээ бүрдүүлж, УИХ-ыг элэг бүтэн болгох ажлыг орон нутгийн сонгуулийн дараа хийхээр болжээ.

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнээс чөлөөлсөн тухай тогтоолыг СЕХ арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хүлээж аваад 16-ны өдөр СЕХ-ны хурлыг зарлаж хэлэлцжээ. Ингээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 52.2-т заасны дагуу МАН-ын жагсаалтаар нэр дэвшсэн Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээр нөхөн сонгогдсонд тооцох тогтоолыг СЕХ гаргасан байна.

Тогтоол гарснаар У.Хүрэлсүхийн оронд МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Д.Сарангэрэл тангараг өргөхөөр боллоо. Түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр өргөн барилаа. Түүнээс гадна Өвөрхангайн тойргийн хоёр суудал эзгүй байгаа. АН-аас нэр дэвшүүлсэн Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлэхээр нэг зүтгэсэн ч МАН-ын буйдантай суулт зэргийн “сүр хүчин дор” хойшлогдсон. Бас “Өвөрхангайн шүүх шийдвэрээ эргэж нягтлахаар боллоо. Асуудал маргаантай байгаа тул нэр дэвшигчдээр тангараг өргүүлэх асуудлыг шийдвэрлээгүй” гэсэн мэдээлэл гараад буй. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хэлснээр бол Өвөрхангайн шүүхээс шийдвэрээ эргэж нягталж байна гэсэн мэдээллийг СЕХ-нд ирүүлээгүй байна. Өмнө нь ч СЕХ Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлэх шийдвэрийг гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхдээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж гаргасан гэлээ. Тэгэхээр Д.Сарангэрэл, Д.Зоригт, Г.Батхүү нар орон нутгийн сонгуулийн дараа тангараг өргөх нь тодорхой боллоо.

Дахин гурван суудал хэн хэн гэдэг эзэнтэй болох вэ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нэг суудалд эзэн болно. Бүр долдугаар сарын эхээр УИХ-ын шинэ гишүүдийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгахад МАХН-ын Ц.Оюунбаатар гэдэг нэр СЕХ-ноос өргөн баригдсан. Тэр чигээрээ байгаа. Харин “Шударга ёс” эвслийн зүгээс тэр нэг суудал Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрын нэгийнх байх ёстой хэмээж буй. СЕХ болохоор анхлан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байдлаараа Ц.Оюунбаатар тангараг өргөх ёстой гэж байгаа ажээ.

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг,  22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэг, нэг мандат дээр дахин санал хураалт явуулж байж хоёр суудал эзэнтэй болно. Нийслэлийн энэ хоёр дүүрэг дээр УИХ-д нэр дэвшигчдээс Сонгуулийн хуульд зааснаар 28 ба түүнээс дээш хувийн санал авч чадаагүй тус бүр нэг тохиолдол гарсан. Хуульд зааснаар тухайн тойргийн хороод  энэ талаар шийдвэр гаргах ёстой. Баянзүрх дүүрэгт дахин санал хураалтыг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр орон нутгийн сонгуультай хамтатган явуулахаар тойргийн хороо нь шийдвэр гаргажээ. Гэхдээ “Шударга сонгууль-2012” ТББ-аас дахин санал хураалтын товыг хойшлуулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан юм. Энэ талаар албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй байна.

Сонгинохайхан дүүргийн тухайд 26 дугаар тойргийн хороо дахин санал хураалт явуулахаар гаргасан шийдвэрээ түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж СЕХ-нд ирүүлжээ. Тэгэхээр дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай хамт явуулах боломжгүй болжээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүх шийдвэрээ эцэслэн гаргаж, нэр дэвшигчдийн гомдол маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн хороо хуралдаж дахин санал хураалтын товыг зарлана гэж СЕХ үзжээ. Тус тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нар өрсөлдөх юм.

Нэр дэвшигчдийн тангараг өргөх ёслолыг хамтатган явуулах ёстой гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлжээ. Ингэхээр орон нутгийн сонгуулийн дараа ямар боловч МАН-ын Д.Сарангэрэл, АН-ын Г.Батхүү, Д.Зоригт, “Шударга ёс” эвслийн Ц.Оюунбаатар нар хамтдаа УИХ-ын гишүүний тангараг өргөх бололтой.

Д.ОЮУНЦЭЦЭГ

                            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж