Гурван хүн амиа алдсан ослын талаар мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Гурван хүн амиа алдсан ослын талаар мэдээлэв

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх, урдчилан сэргийлэх хэлтсийн дарга Х.Эрдэнэбаатар өнгөрсөн өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Арваннэгдүгээр сарын 1-15-ийг хүртлэх хугацаанд нийт 157 дуудлага ирснээс   гал түймрийн 147 дуудлагаар ажилласан байна.  Мөн Налайхын уурхайн иргэн Д-гийн түрээсийн бичил нүүрсний уурхайн эдэлбэр газарт 60 орчим метрийн гүнд нуралт үүссэний улмаас  50 настай, эрэгтэй Г, 23 настай Б, 30 орчим настай Б нар дарагдаж нас барсан талаар мэдээлсэн байна. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах алба, дүүргийн Онцгой байдал, цагдаагийн хэлтсийн нийт  150 албан хаагч ажиллан цогцсыг гарган авчээ.

Мэдээллийг сонссон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Налайхын уурхайд гарсан осолтой холбогдуулж, олборлохыг хориглосон газруудад олборлолт хийж, ажиллуулж байгаа түрээслэгчдэд хатуу хариуцлага тооцох ёстой. Амьдрахын эрхээр уурхайн гүнд орж ажиллаж байгаа жирийн иргэдийг би буруутгамааргүй байна.  Харин аюултайг мэдсээр байж, тэр талбайг түрээслэн ажиллуулж байгаа түрээслэгчдэд зэвүү хүрч байна. Цаашид, аюултай, олборлолт хийхийг хориглосон газруудад тэмдэглэгээ хийж, дахин хүний амь нас эрсдэхээс урдчилан сэргийлж, зүгээр л шаардах бичиг өгөх төдий биш, албадан зогсоох хүртэл арга хэмжээ авч,  хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэлээ.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж