Өвөрхангайн иргэдтэй хийсэн уулзалт бүрийн эхэнд сонгогчид УИХ-д хэзээ төлөөлөлтэй болгох вэ гэдгийг Я.Содбаатар гишүүнээс нэхэж байлаа. Парламент өвархангайчуудын хийсэн сонголт биш, хөндлөнгийн нөлөөлөлд автсан хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг хүлээж авах гэж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Тэд “Улс төрийн ийм муухай явуургүй алхмаа одоо зогсоох болсон. МАН-аас нэр дэвшиж өвөрхангайчуудын итгэлийг өвөртөлсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр биднийг төлөөлж төрд байх ёстой” гэдгийг хатуу захиж, хэзээ тангараг өргүүлэхийг нь ам уралдан асууж байв. Харин Я.Содбаатар гишүүн “Ард түмэн сонголтоо хийсэн. Харамсалтай нь иргэдийн сонголт биш шүүхийн шийдвэр хүчтэй болсон байна. Өвөрхангай аймгийн 110 мянган иргэний хүсэл зоригийг шүүхийн шийдвэрээр сольж байгаа юм чинь маргааш Монгол Улсын 2.7 сая иргэний санал ч гээгдэж магад. Тиймээс шүүхийн шийдвэр эцэслэж гартал Өвөрхангайн асуудал хойшлогдсон. Бид Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх гэж байгааг эсэргүүцэж, Их хурлын чуулганы танхимын гадна суулт хийхээс эхлээд, бөөн л юм боллоо. Гэхдээ энэ цаанаа их утгатай. Ингэж шүүхийн шийдвэрээр дөрөв, таван мянган хүний саналыг үгүйсгэдэг болчихвол сонгууль хийх нь утгагүй болно. Шүүхийн шийдвэрээр Их хурлын гишүүн болж парламентад орно гэдэг байж боломгүй зүйл. Энэ удаа бол өвөрхангайчууд сонголтоо хийж, хоёр гишүүнээ сонгосон. Шүүх зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Ард түмний сонголт бол эцсийнх байх ёстой” гэдэг үгээр төрд төлөөлөлгүйдээ бухимдаж байгаа өвөрхангайчуудыг “аргадав”.
Өнгөрсөн чуулганаар батлагдсан ирэх оны улсын төсөв хөрсөн дээрээ хэр бууж байгааг иргэд илүүтэй сонирхож байлаа. Сургууль, цэцэрлэгийн барилга хүйтэн, хүрэлцээгүй, хүүхэд хичээл хийх нөхцөл тааруу.
Дээрээс нь хүйтэнд хөрж, халуунд халсан худалдаа наймаа эрхлэгчдэд дулаан газарт ажиллах боломж байхгүй. Арай нэг тохьтой, дулаан газрынх нь түрээс гэж тэнгэрт хадсан, нэг ам метр нь 18-30 мянган төгрөгийн хураамж сардаа төлдөг гэнэ. Тиймээс өөрөө өөрсдөдөө ажлын байр бий болгож байгаа наймаа эрхлэгчдэд хямд өртөгтэй түрээсийн байр, талбайн асуудал хурцаар тавигдаж буй гээд хүндрэл их. Өнгөрсөн жилийн улсын төсөв жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжихэд чиглэж байсан. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй хүмүүст улсын төсвийн хөрөнгөөр барилга, байшин барьж өгч байсан гэсэн үг.
Харин өнөөдөр бичил бизнес эрхлэгчдэд битүү дээвэртэй зах, худалдааны төвийн асуудалд гарц хэрэгтэй болжээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймагт 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын талаар иргэдтэй уулзах үеэрээ ярьж байлаа. Тухайлбал, Өвөрхангай аймагт төсвийн хөрөнгө оруулалтаар 34 обекьт туссан аж. Үүний дөрвөөс бусад нь өмнөх засгийн газрын үед хийгдэж байсан хөрөнгө оруулалтын үргэлжлэл.
Харин ирэх оны төсөвт Өвөрхангай аймагт яригдаж байгаа гол хөрөнгө оруулалт нь инженерийн байгууламжийн асуудал гэнэ. Энэ тал дээр илүү анхаарч ажиллахаа ч хэлсэн. Тэрбээр уулзалтын үеэр Өвөрхангайчуудад тулгамдаад буй олон асуудлыг сонсч, ирэх оны төсөвтэй холбоотой ажлуудаас танилцуулж байв. Гишүүн “Иргэдээс гарсан санал хүсэлтийг УИХ-д тайлагнах болно” хэмээн иргэддээ амласан юм.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин