Сангийн сайд газар тариалангийн бүс нутагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Сангийн сайд газар тариалангийн бүс нутагт ажиллав

УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллав. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Орхонтуул, Рашаант тосгон, Баруунбүрэн, Орхон суманд ажилласан юм. Орон нутгийн иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуудал бол Таван толгойн хувьцаанаас хэрхэн хүртэх, Хүний хөгжил сангийн мөнгө, Алдарт эхийн одонгийн мөнгийг хэрхэн авах тухай байна. Мөн үүнийг дагаад зарим сөрөг зүйлүүд байгааг ч шүүмжиллээ. Тус аймаг газар тариалангийн гол бүс нутаг учир бэлчээрийн нутаг багатай, багахан газарт нь малын даац хэтэрч, мал аж ахуй эрхэлж байгаа иргэд, газар тариалан эрхлэгчдийн дунд үл ойлголцох байдал үүсдэг болжээ. Тиймээс бүс нутгийн зааг, эзлэх хувийг тодорхой болгох, иргэдийн тариалсан ногооны зах зээлийг дэмжих, импортоор оруулж ирж байгаа хүнсний ногооны гаалийн тарифыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх, эл асуудалтай холбоотойгоор гарсан маргааныг нааштайгаар шийдэх зэрэг олон асуудлуудыг хөндөв.

Монгол Улсын Засгийн газраас “Атрын III” аяныг өрнүүлснээр газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж үүний үр дүнд манай улс дотоодын хэрэгцээт буудай, төмсөө 100 хувь, хүнсний ногооны 53,7 хувийг  хангах боломжтой болсон гэдгийг Сангийн сайд С.Баярцогт энэ үеэр хэлж, эхлүүлсэн ажлаа Засгийн газар улам эрчимжүүлэх хууль эрх зүй, бодлого шийдвэрийн хүрээнд ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэж онцоллоо. Тухайлбал,  хамгийн сүүлд дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс импортын сонгино, байцаа, шар лууван, шар манжингийн татварыг жилийн турш 15 хувь болгож байгааг энэ үеэр тариаланчдад дуулгасан. Мөн Сэлэнгэ аймаг газар нутаг бага, дийлэнх хэсгийг газар тариалан, хадлангийн талбай эзэлдэг учир энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх  шаардлагатай бөгөөд иргэд болон газар тариалан эрхлэгчид хоорондоо ойлголцож зөв шийдэлд хүрэх хэрэгтэй гэж онцлов.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж