Тус хуралд Монголын Зүүнхойд Азийн холбооны тэргүүн Баабар, “Монголын нийгэм, улстөрийн төлөв байдал”; эдийн засагч Д.Ганболд “Монголын эдийн засгийн бодлого ба тулгамдаж буй зарим асуудлууд”; нийтлэлч Д.Жаргалсайхан “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал”; Батлан хамгаалах бодлогын хүрээлэнгийн захирал Д.Мөнх-Очир “Монголын гадаад бодлого ба аюулгүй байдлын зарим асуудлууд”; Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар “Байгаль орчинд тулгамдаж буй зарим асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Хуралд Австралийн Ази судлалын эрдэмтэд, төр, засгийн төлөөлөгчид оролцсон бөгөөд Монголын гадаад, дотоод байдлыг иж бүрэн шинжилж, тулгамдсан мэдээллийг хүргэснээрээ Австралийн олон нийтийн талархлыг хүлээжээ. “Монгол судлалын төв” нь Австралийн Үндэсний их сургуулийн Ази-Номхон далайн коллежийн дэргэд 2011 онд байгуулагдсан бөгөөд 2012 оны 9 дүгээр сард “Монголын Хүрээлэн” болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.