Бразильчууд футзалын дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Бразильчууд футзалын дэлхийн аварга боллоо

Футзалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтууд өчигдөр боллоо.

Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлсэн хүрэл медалийн төлөөх тоглолтод Италийн шигшээ баг Колумбын шигшээ багийг 3:0-ээр хожсон. Rodolfo Fortino тус тоглолтод дубль хийж, Romano мөн гоол хийсэн байна. Тоглолтын хувьд Италичууд өрсөлдөгчөөсөө илүү байж, олон довтолгоог гүйцэтгэж санаачлагыг гартаа авч байсан.

Футзалын ДАШТ Тайланд 2012 тэмцээний финалын шатанд Испани, Бразилийн шигшээ багууд шалгарсан билээ. Улаанбаатарын цагаар 20:30 цагт эхэлсэн тус тоглолт эн тэнцүүхэн ширүүн өрсөлдөөн дунд өрнөж, бразильчууд нэмэлт цагт өрсөлдөгчөө 3:2-оор буулган авч, цомын эзэд боллоо.

Тоглолтын эхний гоолыг Neto булангаас ирсэн дамжуулалтыг хүчтэй цохин хийсэн бол, Испанийн багаас Torras тэнцээний гоолыг хийж, Aicardo булангаас ирсэн дамжуулалтыг хүчтэй цохин Бразилийн хаалгач Tiago-гийн хаалгыг мялайж, Европын төлөөлөл испаничууд 2:1-ээр тэргүүлж эхлэв.

Үндсэн цаг дуусахад хэдхэн минут үлдсэн энэ үед бразильчууд хаалгач Tiago-г сэлгээнд суулган эхний гоолын эзэн Neto-д хаалгачийн өмсгөл өмсгөж, таван тоглогч тавуулаа довтолгоонд оролцож эхлэв. Тоглолтын 36 дахь минутад футзалын алдартай хөлбөмбөгчин Falcao гоол хийн үндсэн цаг 2:2 харьцаатай тэнцсэн.

2008 оны ДАШТ-ий финалын тоглолтод Бразил, Испаний шигшээ баг мөн 2:2-оор тэнцэж аваргыг пеналтын цохилтоор шийдэж байсан удаатай билээ.

Нэмэлт цагт 2 баг ээлж дарааллан олон аюултай довтолгоог хийж байсан бөгөөд нэмэлт цагийн 2-р үед цаг дуусахаас ердөө 19-хэн секундын өмнө Neto гоолдож Бразилчууд 2012 оны ДАШТ-д түрүүллээ.

Эх сурвалж: www.sportbox.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж