Исмаил Ханиягийн штабыг бөмбөгдөв

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Исмаил Ханиягийн штабыг бөмбөгдөв

Израилийн нисэх хүчин арваннэгдүгээр сарын 17-ны өглөө Газын зурвас дахь ерөнхий сайд Исмаил Ханиягийн захиргааны байрыг  бөмбөгдсөн талаар Agence France-Presse мэдээлэв.
Гэрч нарын яриагаар бол захиргааны байр бараг тэр чигтээ сүйрсэн бөгөөд ойролцоох байрууд ч эвдэрч сүйрчээ. Одоогоор амь үрэгдэгсдийн талаар мэдээлэл гараагүй байна. ЦАХАЛ-ын төлөөлөгч Палестины автономийн ерөнхий сайд Исмаил Ханиягийн захиргааны байранд довтолгоо хийснийг баталж байгаа ба бямба гаригийн шөнө пуужингийн довтолгоог Газын зурвас дахь 85 цэгт хийсэн хэмээж байна.

ХАМАС-ын төлөөлөгчийн мэдээлснээр бол Исмаил Ханиягийн захиргааны байрыг  дөрвөн пуужингаар буудсан бололтой. Баасан гаригт Ханиягийн захиргааны байранд Египетийн ерөнхий сайд Хишам Кандиль очсон бөгөөд тэрбээр Газын зурваст айлчилсан юм.

Израиль ХАМАС-ын эсрэг өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагааг арваннэгдүгээр сарын 14-нд эхлүүлсэн юм. Удирдлагагүй пуужингаар Израилийн нутгийг буудах явдлыг зогсоох хэрэгтэй гэж Израиль мэдэгдсэн байгаа. Гэтэл үүний хариуд Палестины дайчид Израилийн нутагт халдахаа улам ч нэмэгдүүлэх болжээ.

Арваннэгдүгээр сарын 17-ны эхний мэдээллээс харвал Палестины талаас 30-аад хүн, Израилийн талаас гурван хүн амь үрэгдсэн байна. Израиль ойрын үед хуурай замын цэргийн ажиллагааг эхлүүлнэ гэсэн таамаглал байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр Израиль 75 мянга орчим цэргээ эргүүлэн татаад байна.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж