”Исламын жихад” Тель-Авивыг пуужингаар харвав

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

”Исламын жихад” Тель-Авивыг пуужингаар харвав

Тель-Авив өчигдөр орой палестинчуудын пуужингийн цохилтод өртөв. Азаар хохирол амссангүй. Agence France-Presse агентлагийн мэдээлснээр, довтолгооны хариуцлагыг палестинчуудын хэт даврагч “Исламын жихад” гэх бүлэглэл өөртөө авлаа. Сануулахад, хөдөлгөөний удирдагчид ХАМАС-ын лидерүүдийн нэг Ахмад Жабарийг устгасныг “дайн зарласанд” тооцож байна гэж мэдэгдсэн байна.

Израиль пуужингийн цохилтод. Фото AFP

Хотыг чиглүүлэн гурван пуужин харвасны хоёр нь далайд унасан бололтой. Нэг пуужин Тель-Авивын өмнөд захын дүүрэгт тусчээ. “Исламын жихад” бүлэглэлийнхэн Иранаас авсан Фажр-5 пуужингаар ийнхүү харвасан гэнэ.

Агаарын түгшүүр зарласны дараа хотын иргэд үймэлдэн сандарч эхэлжээ. Хүмүүс ийш тийш гүйлдэн, нуугдах газар хайж, үүрэн холбооны сүлжээ хэт их ачаалалтай болсон байна.

Израилийн хэвлэлд бичсэнээр, Тель-Авив 1991 оноос хойш ийнхүү довтолгоонд өртсөөр буй. Арваннэгдүгээр сарын 14-нөөс хойш Израилийн нутаг дэвсгэрт 274 пуужин унасан бөгөөд тэдний 112-ыг пуужингийн довтолгооноос хамгаалах “Төмөр дээвэр” систем сөнөөжээ. Палестинчуудын довтолгооны улмаас Израилийн гурван иргэн амь үрэгдэж, 19 хүн нэрвэгдсэний гурав нь цэргийн албан хаагчид ажээ. Израиль Газын зурваст довтлох үеэр нэг хоногийн дотор 16 хүн алагдаж, 150 орчим хүн шархадсан байна. Газ хотод дэлгүүрүүд ажиллаж байгаа ч хүмүүс гэртээ толгой хорогдсоор байгаа гэнэ. 

Арваннэгдүгээр сарын 15-ны орой Израилийн эрх баригчид Газын хилийн  ойролцоо хуурай газрын байлдааны ажиллагаа эхлүүлж магадгүйг сануулжээ. Үүний тулд цэргийн дайчилгааны 30 мянган хүнийг бэлэн байдалд байлгаж, “үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглаж байна” гэж мэдэгджээ. Ард иргэдээ хамгаалахын тулд Израиль шаардлагатай бүхнийг хийнэ гэж ерөнхий сайд Биньямин Нетаниягу мэдэгдэв. Харин хэвлэлийн мэдээлснээр хуурай газрын байлдааны ажиллагаа баасан гаригаас эхэлж магадгүй гэнэ.

Өчигдөр оройны довтолгоонд Турк, Иран хоёр Израилийг буруутгасан бөгөөд харин АНУ Израиль өөрийгөө хамгаалах эрхтэй, гэхдээ энгийн иргэдийн дунд хохирол гаргахгүй, тэд өмнөхийн адил эрмэлзэх ёстой гэв. НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр талд хандан тайван амгалан байхыг уриалжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж