
Өнгөрсөн сарын 25-нд дэгдсэн Сэнди хар салхины улмаас АНУ-ын 100 иргэн амиа алдсан бөгөөд тэдний 43 нь Нью-Йорк хотын оршин суугчид юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр өнгөрсөн мягмар гариг хүртэл Нью-Йорк хотын 25 мянган иргэн цахилгаан эрчим хүчгүй байсан бөгөөд одоогоор цахилгаан тасалдсан дүүргүүдийг эхнээс нь эрчим хүчээр хангаж эхэлсэн байна.
Түүнчлэн оршин суугчдын амьжиргаагаа залгуулдаг жижиг үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг газрууд мөн хар салхинд ихээр өртжээ. Ерөнхийлөгч Обама оршин суугчидтай уулзах үеэр үүсээд байгаа нөхцөл байдлыг хамтдаа даван туулж, эхний ээлжинд оршин суугчдад орон байрны асуудал яаралтай хэрэгтэй байгааг онцолсон аж.
Энэ үеэр тэрээр Нью-Йорк хотын захиргаа болон Холбооны албаны хүмүүст гамшигт ихээр өртсөн ард иргэдэд туслах аянг өрнүүлж асуудлыг нь түргэн хугацаанд шийдвэрлэхийг үүрэгджээ. Барак Обама мөн өөрийн улсын даатгалын компаниудаас одоогийн байдлаар Засгийн газрын түр хоргодох байранд байрлаж байгаа 1500 иргэдэд туслахыг хүссэн байна. Мөн энэ үеэр Холбооны зүгээс 19 тэрбум евро буюу 30 тэрбум ам.долларыг гамшигт өрсөн хот дүүргүүдэд зарцуулахаар болсноо мэдэгдсэн байна. Үүний дараа тэрээр Нью-Жерси хотын гамшигт өртсөн иргэдтэй уулзахаар явжээ.