Өнөөгийн БНХАУ-ын дарга бөгөөд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жиньтао өнгөрсөн лхагва гаригт намын дээд тушаалаа шилжүүлэв. Энэ өдөр ХКН-ын XVIII их хурлын 2268 төлөөлөгч намын Төв хорооны 200 гишүүн, ХКН-ын ТХ-ны 170 орлогч гишүүдийг сонгожээ.
Шинээр сонгогдсон Төв хороо пүрэв гаригт бүгд хурлаа хийн Улс төрийн товчооны жинхэнэ гишүүд болон намын Ерөнхий нарийн бичгийн даргаа тодруулав. Намын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар ТХ-ны гишүүн болсон Си Жиньпин сонгогдлоо.
Ху Жиньтао намын их хурлын сүүлийн өдөр ТХ-нд дахин сонгогдоогүй. “Одоо би Коммунист намын XVIII их хурал төгсгөлдөө ирлээ хэмээн зарлаж болно” гэж Ху дарга хэлээд төлөөлөгчдийн хамт “Интернационал” дуулан зэрэгцэн сууж байсан, өөрийн өмнөх лидер 86 настай Зян Земиньтай гар бариад хурлын тэргүүлэгчдийн байрнаас буулаа. Хүлээгдэж байсны дагуу засаг шилжүүлэлт нь халаагаа өгч байгаа лидерт хүндэтгэл үзүүлсэн уур амьсгалд хурал болж өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногт нээгдсэн их хурал Ху Жиньтаогийн тайлан илтгэлийг албан ёсны дагуу батлаад “тогтвортой, шударга хөгжил” гэсэн номнолоороо намын тайланг дүгнэв.
Төрийн албан тушаалаа 2013 оны гуравдугаар сард Ху Жиньтао Си Жиньпинд шилжүүлэн өгнө. Мөн энэ үед Хятадын ерөнхий сайд Вэнь Зябаогийн албан тушаалыг Ли Кэцян авах ёстой. Харин Коммунист дэглэмийн гурав дахь албан тушаал болох ХКН-ын Цэргийн зөвлөлийн дарга гэсэн тушаалаа шилжүүлэх эсэх нь одоо тодорхойгүй байна. Өмнө Гонконгийн хэвлэлд Ху энэхүү албан тушаалаа шууд өгөх эрмэлзэлтэй байгаа гэж бичиж байсан юм.
Намын мөн улсын дээд удирдлага болох Улс төрийн товчооны жинхэнэ гишүүнээр Ли Кэцян, Си Жиньпин нар сонгогдсон нь ч мөн гайхал төрүүлэхээргүй сонголт байлаа. Улс төрийн товчооны есөн гишүүний долоо нь насны дээд хязгаарт хүрч байгаа учраас шинэчлэгдэн солигдож байгаа. Өнөөгийн ерөнхий сайдын орлогч Ван Цишанийг намын их хурал Сахилга батын төв комиссийн даргаар сонгосон юм.
Ирээдүйн хоёр удирдагчийг намын бусад албан тушаалтнуудынхаа дотроос баруунд илүү нээлттэй гэж ярьдаг учраас Си Жиньпин хуучинсаг үзэлтнүүдийн довтолгооноос хамгаалах хэрэгтэй болж байна. Иймэрхүү хандлага Ху Жиньтаог лидер болоход мөн гарч, өмнөх нөлөө бүхий лидер Зян Земинийн талаас өөрийн аппаратыг хамгаалан байр сууриа бэхжүүлж байв.
Шинэ удирдлагад сүүлийн 10 жилийн шиг өндөр өсөлттэй эдийн засагтай бус эдийн засгийн өсөлт саарч, аж үйлдвэрийн салбаруудын хөгжилд зөрчилдөөн үүсч байгаа Хятад улсыг хүлээн авч байна.
Вашингтоны Бруклиний хүрээлэнгийн шинжлэх ухааны ахлах ажилтан Чен Лигийн үзэж буйгаар шинэ удирдлагын өмнө үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөсөнцрүүдийг болгоомжтойгоор үлээн зайлуулах, хөдөлмөрийн насны олон сая хүний шилжилтийн улмаас өдөөгдсөн ажилгүйдэлтэй тэмцэх, инфляцийг дарах асуудал тулгарч байгаа ажээ.
Үүний зэрэгцээ төрийн хяналт улсын дэмжлэгтэйгээр амьдарч буй, өрсөлдөөнгүй, үр ашиг багатай ч үндэсний бараа бүтээгдэхүүнээ илүүд үзэх протекционизмтай тэмцэх ёстой болж байна. Тэргүүлэх салбаруудад монополь болсон, хүчтэй сонирхолтой бүлэглэлүүд авлигын үүр уурхай болсон гэсэн шүүмжлэл буй. Хэрэв Си Жиньпин ард түмний дэмжлэг авна гэж байгаа бол эдгээр монополиудтай ширүүхэн тэмцэх ёстой.
Хятад нийгмийн хурцатмал байдал өсч, жилээс жилд ажил хаялтын тоо нэмэгдэж байгаа билээ. Мөн “ваньминь” гэгдэх интернэт хэрэглэгчдийн тоо ч хурдацтай өсч байгаа. Их хурлын өмнө 360 сая хэрэглэгчтэй Sina Weibo нийгмийн сүлжээгээр намын дээд чуулганы талаарх мэдээлэлд хязгаарлалт хийсэн юм.
Намын их хурлыг нээсэн Ху Жиньтао намынхандаа хандан хэрэв авлигыг дарж авахгүй бол нам, улсыг сүйрүүлнэ гэж сануулсан. “Хэрэв эдгээр асуудлуудыг бид шийдэж чадахгүй бол намд сүйрэл, эмх замбраагүй байдал авчирна. Улс ч задран унах болно” хэмээн одоо Хятадын нөлөө бүхий хүний байр сууриа хамгаалан үлдсэн Ху Жиньтао мэдэгдсэн юм.