Нийгмийн даатгалаа хэрхэн нөхөж төлөх вэ

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалаа хэрхэн нөхөж төлөх вэ

1990-2000 онд нийгмийн шилжилтийн үед цомотголоор халагдсан, аргагүй эрхэнд тэтгэвэрт гарсан хүмүүст тэтгэврийн даатгалын шимтгэлээ хөнгөлөлттэй үнээр төлж, тэтгэврээ нэмэгдүүлэх боломж гарч байгаа талаар бид мэдээлсэн. 
УИХ-аас “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” тухай хуулийг энэ оны есдүгээр сард батлагдаж өнөөдрөөс хэрэгжиж эхлэж байгаа юм. Гэхдээ иргэдийн зүгээс ямар хүмүүс нийгмийн даатгалаа нөхөн төлж болох, чингэхийн тулд ямар бичиг баримт бүрдүүлэх, хэдэн төгрөг төлөх гэх мэтчилэн олон асуулт гарч байгаа. Тиймээс бид хууль хэрэгжиж эхэлж байгаа эхний өдөр буюу өнөөдөр хүмүүс нийгмийн даатгалын газарт хандаж байгаа эсэх, ямархуу нөхцөл байдалтай байгаатай танилцахаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст очсон юм. Яг өнөөдрийн хувьд иргэд энэ талаар хангалттай мэдээлэлгүй байсан бололтой ганцхан хүн л хандаад байгаа юм. Нийгмийн даатгалын хэлтсүүдийн хувьд ч энэ ажлыг зохион байгуулахын тулд  иргэдэд яаж үйлчлэхээ одооноос ярилцаж эхэлсэн байгаа, ямар ч байсан дотроо бүтцийн багахан өөрчлөлт хийнэ гэж байлаа.

Ингээд тэтгэврийн даатгалын шимтгэлээ бодуулахын тулд ямар хүмүүс, ямар бичигт баримт бүрдүүлэх ёстойг талаар НДЕГ-ын ахлах мэргэжилтэн Ё.Пүрэвцэрэнгээс дэлгэрэнгүй мэдээлэл авснаа хүргэж байна.

Энэ хуульд ямар хүмүүс хамрагдах вэ?

1990-2000 оны хооронд ажил олгогчийн зүгээс ажиллуулах боломжгүй болж ажилгүй болсон ч дараа нь ажлын байр байхгүйн улмаас ажил хийж тэтгэврийн даатгал төлж чадаагүй болон аргагүйн эрхэнд тэтгэвэрт гарсан хүмүүст “ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” хууль ажилласан жилээ нөхөж тооцуулах боломж олгож байна.

Үүнд доорх дөрвөн шалтгаанаар ажилгүй болсон тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөх боломжтой.

-Ажиллаж байсан газар нь татан буугдаж ажилгүй болсон, аж ахуйн нэгж эь хувьчлагдан бүтцийн шинэчлэл хийж цомхотголоор ажилгүй болсон эсвэл мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй болоод чөлөөлөгдсөн, өөрөөсөө үл шалтгаалж ажилгүй болсон хүмүүс даатгалаа нөхөн төлөх боломжтой юм.

Харин 1990-2000 оны хооронд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, хувиараа хөдөлмөр эрхэлсэн хүмүүст хууль үйлчлэхгүй. Эдгээр хүмүүс сайн дурын даатгалд хамрагдаж болох ч сайн дурын даатгалыг байгуулсан өдрөөс нь тооцдог учраас өнгөрсөн жилүүдийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй аж. 

Шинэ хуулийн дагуу ажилласан хугацаа, тэтгэврийн даатгал нөхөж төлснөөр хугацаа нь тухайн иргэний нийт шимтгэл төлсөн хугацаанд орж тооцогдоно. Ингэснээр одоо тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэвэрт өөрчлөлт орно.  

Жишээ нь 1990-ээд онд олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хүчээр тэтгэвэрт гаргасан. Энэ хугацаанд тэтгэвэрт гарсан ч тэтгэвэрт гарах нас нь болоогүй байсан хүмүүс 2000 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөөд, тэтгэврээ нэмэгдүүлж болох юм байна.

Өөрөөр хэлбэл, хуулинд заагдсан 11 жилээс хэд нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх боломжтой хугацаа байсныг сар, жилээр тооцож шимтгэлээ төлөөд, тэр хэмжээгээр тэтгэврээ нэмүүлнэ. 

Тэтгэвэр нь нэмж тооцуулсан хүмүүс 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдсэн тэтгэврээ авах юм байна. Энэ хуулийн ачаар хэдэн хүн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлж, хэдэн төгрөг тэтгэврийн дансанд байршуулах вэ гэдгийг 2013 оны төсөвт суулгах учраас 2014 оноос тэтгэврийг нь олгож эхлэх юм байна.

Яаж хамрагдах вэ?

Оршин суугаа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст очиж, нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилээ тооцуулах хүсэлт гаргаж өргөдөл бичнэ.

Өргөдөл бичихдээ дараах баримтуудын хуулбарыг хавсаргах ёстой

Иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэр /хуулбар/, нийгмийн даатгалын дэвтэр /хуулбар/.

Энэ баримтууд нь байхгүй бол ажилласан хугацааг шүүхээр сэргээн тогтоолгосон шүүхийн тогтоол авчирна. Мөн ажилд орсон шийдвэр  хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдээгүй тохиолдолд ажилд орсон тушаал тухайн аймаг дүүргийн архивт байгаа бол тушаалын лавлагааг авчирч болно. Энэ баримтууд байхгүй бол улсын төв архив эсвэл аймгын архиваас ажилласан эсвэл ажилласныг нь тодорхойлох боломжгүй гэдэг лавлагаа авчирна.  

Хуулийг хэрэгжүүлэхэд нийгмийн даатгалын хэлтсээс гадна орон нутгийн засаг захиргаа, архивийн газрууд хамтарч ажиллахаар болжээ. Иргэд ажилласан гэдгээ батлах баримт гаргуулж авах зайлшгүй шаардлагатай учраас эдгээр хүмүүст үйлчлэх, баримтуудаа гаргуулж авахад бүтцийн зохион байгуулалт хийж эхлэх юм байна.

Нийгмийн даатгалын хэлтсүүд бүртгэж авсан өргөдлүүдийг Нийгмийн даатгалын ерөнхий газар цуглуулаад, хянаж үзэн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцсон гэдэг баталгаажилтын хуудас олгоно.

Та өргөдлөө өнөөдрөөс эхлээд ирэх 2013 оны наймдугаар сарын 1 хүртэл гаргах боломжтой.

Та ямар шаардлага хангасан байх вэ?

1990-2000 оны хооронд 18 –аас дээш насанд хүрсэн байх, суралцаагүй бол 16-ээс дээш насны байсан, энэ хугацаанд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй байх, ял шийтгэл эдлээгүй нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгоогүй хүмүүс хамрагдана.

1995-2000 онд тухайн үеп мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцож төлүүлнэ 1995-2000 он хүртэл зургаан жилийг сараар нь тооцож төлүүлнэ гэвэл 78200 төгрөг төлнө. Энэ бол төлж болох хамгийн их мөнгөний хэмжээ, дөрөв юм уу гурван жилийн тооцуулахаар бол багасаад явна. Өөрөөр хэлбэл та 78 200 төгрөг төлж зургаан жилийнхээ нийгмийн даатгалыг нөхөж бөглүүлэх боломжтой болж байгаа юм. 

Мөн яг одоогоор гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн гэр бүлийн хүн өмнөөс нь материалыг нь бүрдүүлж өгч болох юм байна.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж