Шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд огцом дулаарснаас Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Хэнтийн нурууны Туул, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Хангайн нурууны Идэр, Чулуут, Урд Тамир, Хойд Тамир, Түй, Завхан, Чигэстэй гол, Ховд, Буянт, Булган гол болон Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд мөсөн дээгүүр халиа гүйсэн аж. Дээрх гол мөрний усны төвшин нэмэгдэж буйтай холбоотойгоор зарим орон нутагт аюултай байдал үүсээд байна. Тиймээс иргэд шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох албанаас анхааруулж байна.

Дархан-Уул аймгийн III багийн 10 гаруй айл усанд автсан байна. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Ш.Лхагвасүрэнгээс тодруулахад “Айлуудыг нүүлгэн шилжүүлэлгүй тэр хэсэгт хамгаалалтын далан барьсан. Одоо шар усны үер харьцангуй гайгүй байна” гэв. Харин Завхан аймгийн Отгон сумын нутгаар урсах Буянт голыг гаталж явсан морьтой хүн мөс цөмөрч, нас барчээ. Тус сумын Засаг дарга н.Дашноровоос цаг үеийн байдлын талаар тодрууллаа.

-Танай нутгаар хаваржилт ямаршуухан байна?

-Өвөлжилт сайн, ойрд дулаарч байгаа учраас малын жилбэ сайн байна. Манай сум 100 гаруй мал өвөлжснөөс мал төллөлт 50 гаруй хувьтай байгаа.

-Буянт голын мөс цөмөрснөөс морьтой хүн унаж нас барсан гэх мэдээлэл байна. Цаг дулаарч байгаа болохоор гол, усны төвшин нэмэгдэж байна уу?

-Өнгөрсөн долоо хоногт аймгийн төвөөс гарсан Б гэгч нь Буянт гол гарч яваад харзанд унаж, осолдсон хэрэг гарсан. Учир нь хамгийн сүүлд орсон бага хэмжээний цас өвлийн турш хөлдөөгүй байсан харзан дээр нимгэн хучсан байсныг анзааралгүй орж, морьтойгоо живж нас барсан. Үүнтэй холбоотойгоор гол уснаас болгоомжтой байх талаар анхааруулга, сэрэмжлүүлгийг гарцтай газар бүхэнд тавьсан байгаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж