
Энэ тухай “УБЦТС” /Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ/ ХК-аас өнөөдөр албан ёсны мэдээлэл болон сэрэмжлүүлэг гаргасан байна. Осол гаргасан талаар мэдээллийг “УБЦТС” /Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ/ ХК-ийн Зүүн түгээх төвийн ээлжийн инженерт 17.15 цагт иргэд утсаар мэдээлсний дагуу Эрчим хүчний улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж, ослын талаар судалсан байна.
Ажлын хэсгийнхэн иргэн Т нь “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 11.5 дахь заалтыг зөрчин машиныхаа тэвшийг буулгаагүй явсны улмаас газрын гадаргаас 5 метрийн өндөрт байрлах цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгийн доод захын шугамын утсыг гогдсон гэж үзсэн байна.
Иймд том оврын машин механизмын жолооч нар болон тэдгээрийн ажил олгогчдод ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах, хот, хөдөөгийн хаана ч цахилгаан дамжуулах агаарын шугам нь газрын хөрснөөс хамгийн багадаа 5 метрийн өндөрт байрладаг ба түүнээс аль болох холуур өнгөрч, зайлшгүй хөндлөн гарах тохиолдолд хамгийн шугам хамгийн бага унжсан газраар явж байхыг “УБЦТС” ТӨХК-наас мэргэжлийн байгууллагын хувьд сэрэмжлүүлэг болгон зөвлөж байна.
Дашрамд дурдахад энэ хэргийн улмаас Баянзүрх дүүрийн 5, 6 хороо Цэргийн хотхоны гэр хороолол, Монель, баруун, зүүн Алтан-Өлгийн 3000 орчим хэрэглэгч оройн 17.30 -21.00 цаг хүртэл цахилгаангүй болж, “УБЦТС” ХК 8996 квт/цаг эрчим хүчийг дутуу түгээж, гэмтээсэн шугамыг сэргээн засварлахад нэг сая гаруй төгрөг зарцуулжээ.