Чавес: Хувьсгал нэг хүнээс шалтгаалдаггүй

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Чавес: Хувьсгал нэг хүнээс шалтгаалдаггүй

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес өөрийн Боливарийн хувьсгалын ололт амжилтыг тоочин дурдаад гэхдээ энэ бүхэн зөвхөн түүний удирдлагаас шалтгаалж бий болсон зүйл биш цаана нь утга учир бий хэмээн ярьжээ.

Чавес “Хувьсгал зөвхөн нэг хүнээс шалтгаална гэдэг бол гунигтай зүйл. Үнэндээ энэ бол хувьсгал биш. Ийм хувьсгал дэндүү хэврэг байдаг юм” гэж Каракас хотын Republica сонинд ням гаригт өгсөн ярилцлагандаа дурдсан байна. “Венесуэлийн хувьд энэ нь sui generis байдал юм. Би заавал байх зүйл биш гэж итгэж байна. Ер нь заавал байх зүйл гэж байдаггүй” гэж тэрээр онцлон тэмдэглэжээ. 

Тэрээр тавьсан зорилгынхоо үргэлжлэлийг  баталгаажуулахын тулд хийж гүйцэтгэж буй ажлын тухай дэлгэрэнгүй танилцуулан ярьсан байна.
Уго Чавес “Ард түмний засаглал, ард олны байгууллагуудын эрх мэдлийн төлөө Венесуэлийн Нэгдсэн социалист нам бусад нам, олон нийтийн хөдөлгөөнүүдтэй хүч хавсран ихээхэн хүчин чармайлт гаргаж байна” гээд “Энэ бол хувьсгалын баталгаа юм” гэжээ.

Чавес засгийн эрхэнд гарахаас өмнө нас барсан бол хэн нэгэн Боливарийн хувьсгалыг хийж л таарна гэж үзэж буйгаа хэлжээ. Хувь хүн гэдэг бол аливаа хувьсгалын өрнөлт, түүний өнгө, дүр төрхөд хувийн онцлогоо тусгахаас бус хувьсгалын баталгаа болж чадахгүй гэдгийг дурдсан аж.  
Боливарийн хувьсгалын зорилтын талаар “олон янзын эдийн засагтай, эдийн засгийн ардчилалтай болох асуудал бөгөөд үүнийг зөвхөн социалист хэв загварын нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой зүйл” гэж онцолсон байна.
Ерөнхийлөгч Чавес өнгөрөгч долоо хоногт худалдаа, технологийн гэрээ хэлэлцээрүүд байгуулахаар Уругвай, Аргентин, Боливи улсад айлчлал хийсэн ажээ.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж