Гайтид хүнсний хомсдол үүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Гайтид хүнсний хомсдол үүсчээ

Карибын тэнгисийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Гайти улс өнгөрсөн 2010 онд болсон аймшигт газар хөдлөлтийн хор уршгийг арилгах, бүтээн байгуулалтын ажил өнөөг хүртэл үргэлжлүүлж байгаа ч энэ он гарсаар удаа дараа болсон байгалийн гамшгаас болж дахин их хэмжээний хохирол амсчээ. Гайти өнгөрсөн сарын сүүлээр Карибын тэнгисийн орнууд болон Америкийг ниргэсэн “Сэнди” хар салхинд өртөж, 21 мянган хүн орон гэргүй болж, гол нэрийн хүнсний ногоо болох төмсний ургацын 70 хувийг алдсан байна. Мөн үүнээс өмнө өнгөрсөн наймдугаар сард “Исаак” хар салхи Гайтиг ниргэж, ихээхэн хохирол дагуулжээ. Үүгээр ч зогсохгүй тус хар салхины дараагаар удаан хугацаанд үргэлжлэн орсон аадар борооны улмаас Гайтид томоохон үер болсон байна. Гайтийн засгийн газраас эдгээр байгалийн гамшигийн хохирлыг арилгахаар ажиллаж байгаа ч ирэх он гэхэд тус улсад удаа дараа гарсан байгалийн гамшгаас үүдэн хүнсний хомсдол дээд хэмжээнд хүрч, 1.5 сая хүн өлсгөлөнд нирвэгдэх тухай мэдэгджээ. Карибын тэнгисийн орнуудад Сэнди хар салхины улмаас 54 хүн амь үрэгдэж, олон зуун хүн орох оронгүй болжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж