”Тамирчнаар үлдвэл мэргэжлийн бокст хүч үзнэ”

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

”Тамирчнаар үлдвэл мэргэжлийн бокст хүч үзнэ”

Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ. Тэрбээр монголчуудын хувьд “Лондон-2012” зуны олимпийн XXX наадмын гол баатар нь байлаа. Монголын ард түмэн медаль хүртсэн тамирчдаараа бахархаж суугаа. Түүнийг 64 кг-ын жинд хүрэл медаль хүртэхэд монголчууд ямар их баярласныг эрхэм уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Мянган өдрийн хөлс мөнхийн алдар авчирсан юм. Тэрбээр “Лондон-2012”-ын шагналын тавцанд зогссоноор олон улсын нэр хүндтэй бүхий л том тэмцээний медальтай болсон. Эгэлхэн хэрнээ агуу тамирчны ялалт амжилтын цуглуулгад олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл, Дэлхийн цом, Азийн наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Зүүн Азийн наадмын алтан медаль бий. Ийм амжилт үзүүлсэн ширэн бээлийтэн одоогоор Монголд байхгүй. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та одоогийн олимп, дэлхийн аваргуудыг гарч ирээгүй байсан цагаас л Монголын боксын нүүр царай байсаар ирлээ?

-Үүнийг сонсоход таатай байгааг нуугаад яах вэ. Гэхдээ би өөрийгөө Монголын боксыг ганцаараа төлөөлж байсан гэж хэлэхгүй. Олон сайхан тамирчин байсан. Манайхан тэр үед олон улсын тэмцээнд цөөн оролцдог байлаа. Би эдгээр тэмцээнд арай гайгүй тоглодог байсан болохоор олны анхааралд өртсөн болов уу.

-Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэнд тань хожуу ч гэлээ баяр хүргэе. Таныг ийм амжилт үзүүлэхийг олон жил хүлээсэн монголчуудын хайр, хүндлэл хэрхэн мэдрэгдсэн бэ?

-Баярлалаа. Намайг медалийн болзол хангахад монголчууд маань маш их баярласан. Бусад орны тамирчид ч баяр хүргэсэн. Олон хүнийг баярлуулсандаа баяртай байна. Олимпийн наадам бол хүн төрөлхтний спортын их баяр наадам гэдгийг би энэ жил илүүтэй мэдэрлээ. Нэг улсын хүмүүс тамирчдаа дэмжихийн тулд хоорондоо маш эв нэгдэлтэй болдог. Спортоор тэмцэлдэж өрсөлдөхийн хажуугаар хүн төрөлхтнийг эвлэлдэн нэгдүүлсэн том баяр юм даа.

-Олимпийн наадмын нээлтийн ажиллагаа гайхалтай болдог ч жин хасч байгаа тамирчид оролцохдоо их ядардаг. Таны нээлтэд оролцоогүй нь үүнтэй холбоотой байх?

-Тийм ээ. Би Лондонд зургаа авахуулах гэж биш амжилт үзүүлэх гэж очсон болохоор амарсан. Харин анх 2004 оны Афины олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцохдоо хялайж унах шахсан шүү. Олон хүн бужигнаад, хурдан дуусаасай л гэж бодож байлаа. Харин 2008 онд хүн юм байна, хийморио сэргээе гэж бодоод Бээжингийн олимпийн нээлтэд оролцсон. Бас л ядраад унах шахсан. Тэр үед өөрийгөө яасан туршлага суудаггүй хүн бэ гэж бодож байлаа. Нээлт болдог өдөр боксчид жингээ үзүүлдэг болохоор их ядардаг юм.

-Лондоны рингэнд хийсэн тоглолтуудаа нэг сайхан яриад өгөөч?

-Эхний даваанд Чехийн залуу тамирчин Зденек Хладекийн эсрэг тоглохдоо илүү ажиллаж, довтолж тоглоод 20:12-оор ялсан. Тамирчид “Тэмцээний эхний тоглолт хүнд” гэж ярьдаг. Эхний тоглолт хоёр талтай байдаг юм. Рингээ мэдэрч, уур амьсгалдаа дасан зохицоогүй байдаг болохоор хүнд. Гэхдээ жин хасаад удаагүй болохоор бяртай, эрч хүчтэй байдаг. Тийм болохоор боксчид эхний тоглолтоо хүчтэй хийдэг.

-Дараагийн даваанд Маврикийн Рикарно Колинтой өөр хувилбараар тоглож харагдсан?

-Тийм ээ. Биеийн хөгжил сайтай, маш хүчтэй цохилттой тамирчин болохоор айхавтар довтолж тоглоогүй. Угтуулсан цохилтод нь оногдох юм бол сэргэхэд хэцүү. Би нэг онооны илүү байхдаа ч гэсэн маш хянуур, хойшоогоо тоглосон. Болгоомжтой тоглосны эцэст 15:12-оор ялсан.

-Таны олимпийн наадмыг зохион байгуулагч орон Их Британийн гол найдвар Томас Сталкертай хийсэн тулааныг монголчуудын үеийн үед дурсан ярих байхдаа?

-Би эзэн орны тамирчинтай олон таарсан, зовлонг нь сайн мэднэ. Сталкер бол Их Британийн шигшээ багийн ахлагч, тэмцээнийг зохион байгуулагч орныхны хамгийн их итгэл хүлээлгэж байсан боксчин. Надад түүнийг ялаад цаад талд нь гарахаас өөр зам байгаагүй.

-Та эхний үед илт илүү тоглосон. Гэсэн ч завсарлагаар оноо 6:6 байхыг сонсоод юу бодогдож байв?

-Тэнцүү байна, оноогоо илүү болгох хэрэгтэй гэж бодсон. Иймэрхүү зүйл болно гэдгийг мэдэж байсан болохоор тайван хүлээж авсан.

-Тоглолтын дараа шүүгч гар өргөх мөчид хэр догдолсон бэ?

-Яасан бол гэж бодогдоод догдолсон. Тэгээд миний гарыг өргөхөд үнэхээр сайхан байсан. Олимпийн наадмын медалийн болзол хангах нь миний мөрөөдөл байсан юм шүү дээ. 23:22-оор ялснаа хараад нэг оноо байхдаа яах вэ дээ гэж бодогдсон шүү.

-Мөнгөн медалийн төлөө Украины Денис Беринчиктэй тоглоход сульдсан харагдсан. Олон хоног жингээ барих амаргүй байх?

-Би эхний хоёр үед гурван оноогоор илүүрхсэн. Харин гуравдугаар үеийн сүүлчийн хагаст оноо нэмж авах гэж довтолж байгаад олныг алдаж, 21:29-өөр ялагдсан. Энэ нь жаахан буруу болсон байх. Боксын тамирчид жингээ удаа барьдаг болохоор тэмцээний сүүлч рүү сульддаг. Би ч тэгсэн. Үүнтэй холбогдуулаад ярья. Сэргээшийн шинжилгээг уг нь шээсээр авдаг. Сэргээшийн шинжилгээг 204 оны нийт тамирчны таваас, Монголын 29 тамирчнаас зөвхөн надаас цусаар, 20 мл-ийн шилээр авсан. Бүх шингэнээ гадагшлуулсан хүн ийм шинжилгээ өгөөд сэргэнэ гэдэг хэцүү. Сэргэсэн ч гэсэн хамаг тамир алга болчихдог. Энэ бүхэн миний тоглолтод нөлөөлсөн.

-Та энгийн үедээ хэдэн кг жинтэй байдаг вэ?

-Би байнгын бэлтгэлээр жингээ барьдаг. Өдөрт хоёр бэлтгэл хийхэд 68, нэг хийхэд 70 кг, хоёр өдөр амрахад 72 кг болчихдог. Амжилт үзүүлэхийн тул хоолоо сойж, цадталаа идэж чадахгүй явна.

-Беринчик 2010 онд Улаанбаатарт болсон оюутны ДАШТ-д 60 кг-ын жинд түрүүлж байлаа. Та түүнийг ирээдүйн хүчтэй өрсөлдөгчөө хэмээн харж байв уу?

-Тухайн үед хараад л өнгөрсөн. Харин Азербайжаны нийслэл Бакуд болсон 2011 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх авахад нь нэлээн анзаарсан шүү. Би жингийнхээ гол тамирчдын ажиглаж судалж байдаг.

-Та 64 кг-ын жингийн дэлхийн чансаанд хоёрдугаар байрт бичигддэг ч олимпийн наадамд хэсэг толгойлоогүй нь ямар учиртай юм бэ?

-Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс медаль хүртсэн дөрвөн тамирчин хэсэг толгойлж, бусад нь сугалаагаар хуваарилагдсан юм. Кубын Рониэль Иглесиас Сотолонго олимпийн наадамд хэсэг толгойлоогүй ч түрүүлж чадсан.

-Та хүрэл медаль хүртэх үедээ жаахан гунигтай харагдсан. Магадгүй энэ таны гол зорилго биш байсан байх?

-Бүх тоглолтоо ялалтаар өндөрлүүлэхийг хүсч байлаа. Гэхдээ олимпийн наадмаас медаль хүртсэндээ баяртай байна.

-Олимпийн наадамд өндөр амжилт үзүүлэх нь таны олон жилийн мөрөөдөл, гол зорилго байсан. Тийм үү?

-Тийм ээ.

-Та бол гурван олимпийн наадамд оролцсон Монголын цорын ганц боксчин. Энэ гайхалтай уур амьсгалыг эргэж амтлахгүй байж магадгүй гэхээр хөнгөн гуниг төрж байна уу?

-Үгүй дээ.

-Тамирчин хүн бүрт олимпийн дурсамж нандин байдаг. Таны хувьд “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” гурвын аль нь гүн сэтгэгдэл үлдээсэн бэ?

-Медаль хүртсэн гэдгээрээ сүүлчийнх нь илүү дурсагдах байх.

-Та боксын спортоор хичээллээд 16, Монгол Улсын шигшээ багт ороод 13 жил болжээ. Энэ урт хугацаанд тогтмол амжилттай тоглож байгаагийн нууц юунд байна вэ?

-Бэлтгэлээ сайн хийгээд өндөр амжилт үзүүлэх, зорьсондоо хүрэх гэсэн миний сэтгэл зүрх л байх шив дээ. Бэртэл гэмтлийн улмаас зарим амжилтаа гаргаж чадаагүй тал бий. Гэхдээ миний ур чадвар өдрөөс өдөрт өсч байсан. Хэрвээ ур чадвар өсөхгүй бол энэ нь мөхөл. Миний амжилт хэсэг хугацаанд доош буулаа ч дараа нь өсөөд л явж байсан.

-Та олон улсын бүхий л том тэмцээнээс медаль хүртжээ. Эдгээр амжилтаа бодоход өөрөөрөө бахархах сэтгэл төрж байгаа нь лавтай?

-Эргээд харахад бүх л том тэмцээнд амжилт үзүүлжээ. Өөрөө ч сайн анзааралгүй л явж. Бүгдээс нь медаль хүртэнэ гэж бодож явсангүй.

-Хэзээ нэгэн цагт сонирхогчдын боксыг орхино. Тэр үед мэргэжилд шилжих үү, зодог тайлах уу?

-Үүнийг хараахан шийдээгүй байна. Шийдвэрээ сайн бодож байж гаргана. Тамирчнаар үлдлээ гэхэд мэргэжлийн бокст хүч үзэх болно.

-Та Олон улсын боксын холбоо (АIBА) доторх “Дэлхийн лиг” (World Series of Boxing)-ийг хэлж байна уу, эсвэл бүр мэргэжлийн боксын тухай ярьж байна уу?

-Аль нь ч байж болно.

-Та хоёр жилийн өмнө АНУ-ын “Мемфис Форс” багтай гэрээ байгуулж, “Дэлхийн лиг”-т тоглосон. Гэвч удалгүй цуцалсан нь ямар учиртай юм бэ?

-Би энэ лигт тоглож, 2012 оны Лондоны олимпийн эрх авъя гэж бодсон юм. “Дэлхийн лиг”-ийн жингийн ангилал нь олимп, ДАШТ-ийнхээ өөр буюу 54, 61, 73, 85, +91 кг байдаг. 64 кг-ын жинд тоглодог болоод байсан надад 61 рүү орох хэцүү байсан. АНУ-д тоглоод олимпийн эрх авах нь хүнд санагдсан тул эргээд ирсэн дээ.

-Тэдэнтэй холбоотой байдаг уу?

-Олимпийн үеэр америкчуудтай тааралдахад “Одоо ч эргээд очиж болно шүү” гэж байсан. АРВ холбоо (AIBA Pro Boxing буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоон доторх Мэргэжлийн холбоо)-ны 12 жинтэй мэргэжлийн лиг байгуулагдаж байгаа. Тэндээс надад санал тавьсан. Нийт 56 боксчин авч байгаа юм билээ. Жилд дөрвөн удаа тоглоно, нэг тоглоход 4500 швейцарь франкын шагналтай гэсэн. Энэ лигт тоглосон тамирчин ДАШТ-д оролцож болохгүй. Харин олимпийн эрхтэй.

-Та ямар хариу өгсөн бэ?

-Зөвшөөрөөгүй.

-Та энэ онд нэгэн том тэмцээнд оролцох юм байна. Жин жингийн шилдэг найман тамирчин өрсөлддөг Дэлхийн цом ирэх сард болно шүү дээ?

-Шигшээ багуудаар биш хувь тамирчнаар оролцох бол би уригдана. Дэлхийн чансааг харсан ч, олимпийн амжилтыг үзсэн ч би жиндээ эхний наймд багтана.

-Бид энэ цаг мөчид танаар үнэхээр их бахархаж байна. Уранчимэгийн Мөнх- Эрдэнэ шиг агуу тамирчин дахин төрөх болов уу?

-Хамаагүй тэгж ярьж болохгүй байх. Олон төрөх байлгүй дээ.

-Ярилцсанд баярлалаа. Таны амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

-Урьсанд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

Д.НАНЖИД
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж