Ядуу нийслэлийн явган зорчигч

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Ядуу нийслэлийн явган зорчигч

Нийслэлийг нэг айл гэж тооцвол ширдэг дэвсгэрээр их л муутай ядуу айл юм шиг санагдаж байна. Гэхдээ ядуу гэхээр арай тэгж хэлж боломгүй тавилга их сайтай айл юм. Энэ айлын аав, ээж хоёр нь  хүүхдүүддээ нэг их анхаарал тавьдаггүй. Бас их ялгавартай ханддаг гэж байгаа. Зарим хүүхдэдээ хивс дэвсч өгдөг хэрнээ заримыг нь шууд л улаан түйрэн дээр өсгөж байгааг нь харвал их эвгүй санагдаж байна. Хот гэж энэ том айлд нэг сая гаруй хүн амьдардаг бөгөөд ерөнхийд нь удирдан чиглүүлдэг аав, ээжтэй. Тэд өөрсдийгөө дарга гэж өргөмжилдөг бөгөөд хэдэн хүүхдээсээ тусдаа эдэлдэг эрх ямбатай. Нийслэл хотын замын талаар нэг иймэрхүү үлгэр байж болмоор санагдаад байгаа юм даа.

Ер нь нийслэлийн замаар машин явах гэж үйлээ үзнэ. Түгжирнэ, гацна, нам зогсоно. Энэ бол аль хэдийнэ олонд ил болсон асуудал. Харин олон нийтэд ил болж танигдаагүй нэг асуудал бол яах аргагүй явган хүний зам. Өглөө гутлаа тослоод л арчиж, арчиж гар­на. Орой өвдөгнөөсөө доош бөөн түйрэнтэй орно. Өдөр­төө гадуур, дотуур ажил хөөцөлдөх болбол хэлэх үгээ олохгүй болтлоо цухалдана. Учир нь хотын төвд явган хүний зам нүдний гэм гэсэн үг. Ихэнхдээ л машин замын боржур дагаж алхах хэрэг гарна. Гэхдээ энэ арга их эрсдэлтэй, машинд шүргүүлж, мөргүүлж, дай­руулж мэднэ. Хэрвээ машинд дайруулчихвал дүрмийн бус үйлдэл гаргасан явган зор­чигчийн хохь болно. Баянбүрд орчмоор явган хүний зам байсан ч өнгөрсөн жил зам засахдаа эвдчихсэн. Харин саяхнаас засч сэлбээд овоо болгочихсон харагдана лээ. Сүхбаатарын талбай тойроод явган хүн алхах зам бол бий. Жилийн жилд машин замыг засахад хөрөнгө мөнгө их төсөвлөдөг хэрнээ явган хүний замыг шинэчилэхэд анхаарал хандуулахгүй бай­гааг юу гэж ойлгох вэ. Явган зорчигчид бид хэдий болтол “Амин мөр” кинонд гардаг айлын дагавар хүүхэд шиг том, том чулуун дундуур туучих вэ. Дэлхийн том хотуудад ма­шин зам, явган хүний зам, унадаг дугуйн тусгай зам, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр түрэхэд зориулсан зам байна. Түүнийгээ засч то­хижуулж чадаад байна, цаадуул чинь. Гэтэл бид нэгнийг нь засчихаад нөгөөг нь хаядаг муу зуршилтай улс юм.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж