
Ер нь нийслэлийн замаар машин явах гэж үйлээ үзнэ. Түгжирнэ, гацна, нам зогсоно. Энэ бол аль хэдийнэ олонд ил болсон асуудал. Харин олон нийтэд ил болж танигдаагүй нэг асуудал бол яах аргагүй явган хүний зам. Өглөө гутлаа тослоод л арчиж, арчиж гарна. Орой өвдөгнөөсөө доош бөөн түйрэнтэй орно. Өдөртөө гадуур, дотуур ажил хөөцөлдөх болбол хэлэх үгээ олохгүй болтлоо цухалдана. Учир нь хотын төвд явган хүний зам нүдний гэм гэсэн үг. Ихэнхдээ л машин замын боржур дагаж алхах хэрэг гарна. Гэхдээ энэ арга их эрсдэлтэй, машинд шүргүүлж, мөргүүлж, дайруулж мэднэ. Хэрвээ машинд дайруулчихвал дүрмийн бус үйлдэл гаргасан явган зорчигчийн хохь болно. Баянбүрд орчмоор явган хүний зам байсан ч өнгөрсөн жил зам засахдаа эвдчихсэн. Харин саяхнаас засч сэлбээд овоо болгочихсон харагдана лээ. Сүхбаатарын талбай тойроод явган хүн алхах зам бол бий. Жилийн жилд машин замыг засахад хөрөнгө мөнгө их төсөвлөдөг хэрнээ явган хүний замыг шинэчилэхэд анхаарал хандуулахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Явган зорчигчид бид хэдий болтол “Амин мөр” кинонд гардаг айлын дагавар хүүхэд шиг том, том чулуун дундуур туучих вэ. Дэлхийн том хотуудад машин зам, явган хүний зам, унадаг дугуйн тусгай зам, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр түрэхэд зориулсан зам байна. Түүнийгээ засч тохижуулж чадаад байна, цаадуул чинь. Гэтэл бид нэгнийг нь засчихаад нөгөөг нь хаядаг муу зуршилтай улс юм.

"Улс төрийн тойм" сонин