Сонгуулийн хуулийг батлах нь тулгамдсан зорилт

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг батлах нь тулгамдсан зорилт

Хаврын чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн
үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм
гишүүд
ээ,

Хатагтай ноёд оо.

Улсын Их Хурлын
ээлжит чуулганыг нээхээр Та бид хуран цуглаад байна. Чуулганы нээлт маань улс
орны хэмжээнд улс төр, нийгмийн идэвх сэргэсэн,  стратегийн орд газруудыг эзэмших болон бүтээн
байгуулалтын ажил өрнөсөн, зарим аймагт өвөлжилт хүндрэлтэй байсан ч урин
дулаан хавартай золгож, малчны хотонд нялх төлийн дуу цангинасан цаг үетэй
давхцаж байгаагаараа онцлогтой байна.

Улсын Их Хурал өнгөрсөн
хугацаанд чамлалтгүй олон хууль тогтоол, бодлогын баримт бичгийг баталсан. Цаг хугацааны
баримжааллаар авч үзвэл, бид энэ хаврын чуулганаар бодлогын хувьд онцлон үзэх хэд
хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болох нь харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, эх орны нэн тулгамдсан улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудад
анхаарлаа хандуулах нь зүйтэй. Чухал гэж үзсэн язгуур эрх ашгийн асуудлууд юуны
түрүүнд Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэгдэхээр байна.

Монгол Улсын Үндсэн
хууль шинэчлэн батлагдсанаас хойшхи хорин жилд 
хөгжил дэвшил, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө бидний хийж бүтээсэн
зүйл их ээ.
Эдийн засаг, соёл, нийгмийн бахархам ололтууд ч дэвжин бэхэжсээр байна. Эдгээр
нь хэний ч өмнө хэлэх, бахархах бодит үйл хэрэг, бидний ажил, түүний үр дүн юм.
Их зүйлийг бүтээж, хийж байгаа ч, үүнээс илүү сайн сайхан амьдрал, илүү хөгжил дэвшилд
хүрэхийг тэмүүлэх, төгөлдөржүүлэх нь жам ёсны бөгөөд орхигдууламгүй явдал билээ.

Ард иргэд, иргэний
нийгмийн байгууллагууд, намуудын тавьж байгаа санал, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ
хүрээнд санаачлан боловсруулсан төслийг нэгтгэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
асуудлыг бид энэ хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх болно.

Иргэндээ үйлчилдэг,
хууль дээдэлдэг, хариуцлагатай, нээлттэй төрийн тогтолцооны шинэчлэл шаардагдаж
байна. Энэ бүхнийг эрх зүйн “хувьсгал”-аар шийдэх боломж бий. Чингэхдээ Монгол
Улс парламентын засаглалтай байхаар тунхагласан Үндсэн хуулийнхаа тулгуур
зарчмыг тууштай хадгалан, ард түмний төлөөллийн байгууллагын ардчилсан шинж
чанарыг улам бэхжүүлэх, төрийн дээд байгууллагуудын уялдаа холбоо, харилцан
хяналт, эрх мэдлийн тэнцвэрийг хангасан байхыг чухалчилна.

Нийгмийн өөрчлөлт,
шинэчлэлтийг хийх, шударга ёсыг сахиулахдаа Монголчууд бид эрүүл саруулаар сэтгэж,
төрт ёсоо дээдлэн, Үндсэн хуулийн хүрээнд бүх асуудлыг авч үзэж шийдвэрлэх бүрэн
боломжтой. Энэ үйлсэд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, иргэд нэгдэж
чадна гэдэгт итгэлтэй байна.   

Сонгуулийн хуулийг
хэлэлцэн батлах нь та бидний нэн тулгамдсан зорилт юм. Сонгуулийн ямар тогтолцоог
сонгохыг өдий болтол ярилцаж, эцсийн шийдэлд хараахан хүрээгүй байна. Энэ
хуулийг гаргахад улс төрийн намууд, түүний дотор парламентад суудалтай намууд шийдвэрлэх
үүрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ аль нэгэн нам, УИХ-ын гишүүн өөртөө ашигтайгаар Сонгуулийн
хуулийг гаргах тухай яриа байхгүй. Чухамдаа бол
сонгуулийн хууль нь сонгогчдын сонгох, сонгогдох
эрхийн тухай хууль мөн. Харин сонгуульд оролцохдоо улс төрийн намууд тооцоогүй,
бодитой бус мөнгөний амлалтаасаа татгалзах ёстой. Мөн сонгуулийн бохир аргаасаа
салах хэрэгтэй. Сонгогчдын төр барих энэ алтан эрхээ итгэл үнэмшил төгс, сэтгэл
хангалуун эдлэх боломжийг бүрдүүлсэн байх шаардлагыг хангасан тийм хуулийг бид гаргах
учиртай.

Монгол Улсын иргэний
үндсэн эрхийн нэг бол хуулиар тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаархаас
бусад асуудлаар мэдээлэл хайх, олж авах эрх мөн. Иргэд мэдээлэлтэй байж гэмээ нь
төрийн хэрэгт оролцож эрхээ эдлэх боломжтой. Нөгөө талаар энэ нь төрийн байгууллага,
албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих хамгийн зохистой хэлбэр юм. Иргэдийг
мэдээлэлжүүлж, төрийн ажлыг бүхэлд нь ил тод байлгах нь хүнд суртал, дураар авирлал,
авлига, сонирхлын зөрчлөөс ангид орших, бүр тодруулж хэлбэл, төрийн албан хаагчдад
өөрт нь туслах ашигтай ирээдүйтэй хяналтын хэлбэр гэж үзнэ. Энэ нь шалгаж, дутагдал
гаргасан хойно нь “ниргэдэг” явдлаас хавьгүй илүү удирдлагын соёлтой арга юм. Ийм
болохоор хаврын чуулганаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний
тухай хуулийг хэлэлцэж шийдвэрлэх нь нэн чухал байна.

Төсөв, хөрөнгийн
хуваарилалт, тендэр, энэ бүхний цаана байгаа далд ажиллагаа нь авлига, албан
тушаалын залилан зэрэг ноцтой гажуудлыг дагуулах боллоо.
Олон улсын байгууллагын оролцоотой хийсэн
судалгаанаас энэ байдал  тодорхой харагдаж
байна. Үүнээс үзэхэд ил тод байдал, тайлагнал, хяналт нэн чухал болох нь ойлгомжтой.
Энэ л утгаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон 2010 оны Үндсэн
чиглэлийн биелэлт, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хурал авч
хэлэлцэх юм аа. Мөн Төсвийн тухай, Тендэрийн тухай хуулиудыг шинэчлэн батлах болно.

Боловсруулалт муу,
үзэл баримтлал нь тодорхой тогтож, чиглэл сайн гараагүйгээс нийгмийн салбарын холбогдолтой
зарим хуулиудын талаар Улсын Их Хурал дээр гишүүд санал нэгдэхгүй байдал гарч
байна. Хуулийн боловсруулалт хангалтгүй байх нь үлэмж цаг зарах, үр ашиггүй ажиллах,
чанаргүй хууль гаргахад хүргэдэг. Хамгийн хортой нь хүлээлт, түүнээс улбаалсан бухимдал
үүсгэж байгааг онцгой анхаарах хэрэгтэй байна. Хөдөлмөр эрхлэлтийн, Иргэний эрүүл
мэндийн, Эрүүл мэндийн даатгалын, Нийгмийн халамжийн хуулиуд ийм байдлаар нийгмийн
хэрэгцээ шаардлагын хүлээлтэд ороод байна. Бид юуны өмнө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
хуулийг гаргах болно. Монголын нийгмийн сульдаа бол яах аргагүй ажилгүйдэл,
түүнийг дагасан ядуурал. Энэ хууль гарснаар иргэд хөдөлмөрийн биржээс ажлаа олж
авах боломж, зах зээл дээр өөрийн чадамжийг дээшлүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлт,
түүний үнэлэмж бүрдэх ёстой. Манай иргэдийн элбэг хангалуун, тэгш нуруутай амьдрал
өглөө ажилдаа итгэл дүүрэн явах, үдэш гэртээ сэтгэл өег харих хэмнэлд шилжих ёстой
юм.

Сүүлийн жилүүдэд
эрчимтэй ажиглагдах болсон эдийн засгийн тэлэлт, төсвийн өсөлт, хөрөнгө
оруулалтын хэрэгцээ, ард иргэдийн маань орлогоо нэмэгдүүлэх гэсэн хүсэл
эрмэлзлэлийг хясан боогдуулахгүйгээр харин ч хөхиүлэн дэмжсэн төсвийн
зохицуулалт, санхүүжилт, мөнгөний бодлогыг бид явуулсан. Амьжиргаанд нь илт
хүрэлцэхгүй байгаа төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, ахмадуудын тэтгэвэр,
эмзэг бүлгийнхний тэтгэмжийг 30 хувиар нэмж, хүн амын бараг гуравны нэгийг
эзэлж байгаа ядуу зүдүү иргэддээ хорин нэгэн мянган төгрөгийг сар бүр бэлнээр
олгож байгаагаас шалтгаалж инфляци өсөх юм шиг, эдийн засаг “сүйрчих” юм шиг
худал цуурхаж буй үйлдлүүд эдийн засгийг царцааж “борцлох”, хөгжлийг сааруулж,
монголчууд биднийг ядуу, буурай хэвээр байлгах гэсэн оролдлого мэт харагдах боллоо.

Инфляци, үнийн
өсөлтийн талаар бидэнд үүнээс ч илүү санаа тавих зүйл бий. 2007 оноос хойшхи
хугацааны инфляцын өсөлтийн 90 гаруй хувь гурил будаа, мах, бензиний хомсдолтой
холбоотой байлаа. Бүтээн байгуулалтын цар хүрээ өргөжиж байгааг харгалзан
хомсдол гарч болох өнөөгийн эрсдлүүдийг тооцоход төмөр хийц, цемент, битум
зэрэг зам, барилгын үйлдвэрлэлийн материалын эрэлт, нийлүүлэлтэд анхаарал
тавихгүй бол үнийн өсөлт явагдаж мэдэх талтай харагдаж байна.  

Улсын Их Хурлын гишүүд
бид сонгогчидтойгоо уулзах үед  гарсан
саналын дотор өндөр настан ахмадууд Хүний хөгжил сангаас бэлнээр авах мөнгөө нэмэгдүүлэх,
банкин дахь тэтгэврийн зээлийн өрийг барагдуулахыг санал болгож байна. Малчид ч
гэсэн банкны зээлийн өрийг төлөх хүсэлтийг олонтаа гаргажээ. Ахмадууд, малчдын
амьдралаас бодитой ургуулан тавьж байгаа саналыг судлан үзэж, шийдвэрлэх нь
зүйтэй байна.

Алслагдсан болон говийн
бүс нутагт амьдарч байгаа иргэд зардал өндөртэй, орлого хомс байгаа билээ. Ажиллаж
амьдрах нөхцөл амаргүй, ажлын байр дутмагаас үүдэн хүмүүс хот суурин бараадаж байгааг
буруутгах аргагүй. Нөгөө талдаа хот суурины хүн амын нягтрал үлэмж нэмэгдэж, амьдралд
бэрхшээл учруулж байгаа нь бидэнд тодорхой болсон зүйл ээ. Улаанбаатарын утааг багасгая
гэвэл, эхний ээлжинд иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж,
төв рүү тэмүүлсэн нүүдлийг зогсоох хэрэгтэй байна. Энэ бүс нутагт ажиллаж
байгаа төрийн албан хаагчид, эмч, багш мэргэжилтэн нарт цалингийн нэмэгдэл, ажилласан
хугацааны урамшуулал олгох, иргэд, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт
үзүүлэх талаар бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ үүднээс
алслагдсан болон говийн бүсийн талаар эрх зүйн зохицуулалт хийх нь хойш тавих аргагүй
томоохон бодлогын асуудал юм. Бид үүнийг хэдий эрт шийднэ, тэр хэмжээгээр иргэдийн
ажиллаж амьдрах зөв нөхцөл хөдөө, хот гэлтгүй ижил тэгш бүрдэх боломжтой. Ийм арга
хэмжээг аль эрт урьдчилан авсан бол өнөөдөр нийслэлд хэт ачаалал үүсэхгүй, экологи,
хүмүүсийн эрүүл мэнд хохирох эрсдэл бага байх байсан нь ойлгомжтой.

Хэдхэн хоногийн
өмнө Монгол Улсын Засгийн газар Тавантолгойгоос ард иргэддээ хувьцаа олгохоор шийдвэрлэлээ.
Олон нийт талархан хүлээн авахтай зэрэгцээд эзэмшсэн хувьцаагаа хэрхэн өвлүүлэх,
нэгж хувьцааны үнэ ямар байх,  цаашдаа эргэлтэд
оруулж болох эсэх, үр ашигтай байх тухайд иргэд ихээхэн сонирхож байгаад хариу өгч,
сурталчилах шаардлага байна.

Саяхан би Өмнөговь
аймаг дахь Оюутолгой, Тавантолгой төслийн үйл ажиллагаатай танилцсан. Тэнд бүтээн
байгуулалт өрнөж, үлэмж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь харагдлаа. Засгийн газар
Оюутолгойн давуу эрхийн хувьцаа гаргахыг хязгаарлаж, хөрөнгө оруулалтын зээлийн
хүүг бууруулахаар гэрээнд өөрчлөлт оруулж байна. Цаашдаа Оюутолгой ордын талаар
Улсын Их Хурлаас гаргасан тогтоолын хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын
эзэмших хэмжээг 50 хувьд хүргэх зарчмын заалт, байгалийн баялаг ашигласны төлбөрийг
өсөн нэмэгдүүлэхээр тогтоосныг стратегийн ордуудын гэрээнд тусгах ёстой гэж
үзэж байна. Энэ нь бүхэлдээ Монгол орны эрх ашигтай холбоотой асуудал аа.

Уул уурхайн томоохон
төслүүд хэрэгжиж байгаа газарт хүн амын төвлөрөл үүсч, суурин газрууд хаяагаа тэлж
байгаа дүр зураг бүхий хөгжлийн ирээдүй төрхөө олж байна. Шинэ нөхцөл байдалтай
харьцуулахад хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээ, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт,
байгаль хамгаалал, дэд бүтэц хоцрох болсон нь Даланзадгад, Тавантолгой, Оюутолгойн
хөгжлийн бүсэд нэн даруй судлан шийдэх тулгамдсан асуудал болж байна.

Ийнхүү Улсын Их Хурал,
Засгийн газрын өмнө бодлогын болон эрх зүйн хувьд шийдвэрлэх шаардлагатай олон томоохон
ажил шил шилээ даран хүлээж байна. УИХ-ын гишүүд бид бүхэн хариуцлага, сонгогчдын
өмнө хүлээсэн үүргээ өндөр ухамсарлаж, илүү бүтээлч идэвхтэй, үр дүнтэй ажиллана
гэдэгт эргэлзэхгүй байна.

Улсын Их Хурлын Эрхэм
гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын
2011 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.  

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж