Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Хөшигний арын хүн

Өнгөрсөн оны хавар МИАТ хэмээх их айлд бөөн асуудал дэгдэж, дарга, цэрэггүй халаа сэлгээнд өртсөн. Энэ үеэр Ц.Орхон хэмээх ор сураггүй нэгэн МИАТ компанийн захирлаар гэнэт томилогдсон юм. ОХУ-д Нисэхийн дунд сургууль төгсч ирээд ИНЕГ-т ажиллаж байсан, дараа нь хойд хөршид дахин мэргэжил дээшлүүлсэн энэ хүн нисэхийн салбартаа жирийн л сайн ажилчин байжээ. Харин гэнэт МИАТ-ийн захирал болсон нь нутгийн ах нарын татаас байсан нь тодорхой болсон. Тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяр, МИАТ-ийн захирал асан Р.Бат-Эрдэнэ нартай нэг нутаг. Тийм ч учраас иргэний нисэхийн салбарт үүссэн бужигнааны үеэр хөшигний ард чимээгүйхэн нууж байсан залуу дүүгээ ах нар нь жаахан “наашлуулсан” хэрэг. МИАТ-ийг тойрсон шуугиан ч тэгсхийгээд намжиж, Ц.Орхон захирал нам гүмхэн ажлаа хийж байлаа. Гэтэл ойрмогхоноос “Ц.Орхон захирал их хэмжээний мөнгө завшсан хэргээр баригдаж, хоригдохдоо тулсан” гэх мэдээлэл дуулдаж эхэллээ. Чухал алба хүлээж аваад нэг жил ч болоогүй шинэ дарга том хэрэгт холбогдсон гэхээр санаанд нэг л багтахгүй байгаа юм. Уг нь Ц.Орхон ажлаа хүлээж авснаасаа хойш нэг их хэл аманд ороогүй. Харин энэ удаа ийм таагүй мэдээ дуулдах болсон нь “Хөвсгөлийн хүү хөшигний ард хөгийн юм хийж байсан юм биш биз” гэсэн хар төрүүлж байна. Олны өмнө тэр бүр ил гарч, олон юм яриад байдаггүй энэ хүн нэлээд эвгүй байдалд орчихлоо. Тээврийн үйлчилгээний салбарын туршлагатай мэргэжилтэн тээврийн салбарын туршлагатай “луйварчин” болсон уу, үгүй юү гэдгийг цаг хугацаа харуулна.   

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж