
Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжих суурь тавигдаж, дэлхийн санхүүгийн голлох төвүүдийн анхаарал зүй ёсоор нааш чиглэж буй энэ үед Хонконгийн Хөрөнгийн биржийнхэн ч манай улсад ойр ойрхон ирэх болсон. Энэ удаа Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга нь өөрийн биржийн гурван хэлтсийн даргын хамтаар Улаанбаатарт хүрэлцэн иржээ. Тэд “Монголын аж ахуйн нэгжүүдэд бид асар их боломж олгоно” хэмээн ам бардам хэлж байна. Капиталын баялаг сантай олон тооны санхүүгийн байгууллагын гол төв, Ази, Номхон далайн бүс дэх хамгийн том бирж гэдгээрээ тэд ийн бардамнадаг аж. Арга ч үгүй биз. Өнгөрсөн сарын 23-ны байдлаар энэ бирж дээр эргэлдэж байгаа хөрөнгө бус, зөвхөн өөрийн компанийнх нь зах зээлийн үнэлгээ 23.06 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн сүүлийн 10 жилд хамгийн хурдацтай өсч буй зах зээлээр тодорсон байна. Хөрөнгө оруулагчдын цар хүрээ нь маш өргөн байхаас гадна тэнцвэртэй. Жишээ нь, нийт хөрөнгө оруулагчийн 42 хувь нь гадаадын, 62 хувь нь байгууллагын хөрөнгө оруулагч. Энэ нь олон улсын хөрөнгийн захуудын жишигт хамгийн зохистой харьцаанд ордог аж.
Хонконгийн Хөрөнгийн биржийн эрх мэдэл бүхий эрхэмүүд Монголын компаниудад том боломж олгохоо амлахын зэрэгцээ ямар шаардлага тавьдгаа танилцуулсан юм. Тус бирж дээр хувьцаа гаргахын тулд аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд ашгийн болон орлогын, мөнгөн урсгалын гэсэн гурван шалгалтын аль нэгийг өгч тэнцсэн байх учиртай гэнэ. Сүүлийн гурван жилд 64 сая ам.долларын ашиг олсон болон биржид бүртгүүлэх үедээ 26 сая ам.долларын хөрөнгөтэй байвал ашгийн тестэд тэнцэнэ. Харин бүртгүүлэх үедээ 513 сая ам.долларын хөрөнгөтэй байвал орлогын тестэд шууд тэнцдэг аж. Эвсэл сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанаасаа 13 сая ам.долларын эерэг мөнгөн урсгал олсон бол тэнцэх боломжтой юм байна. Түүнчлэн тухайн аж ахуйн нэгж сүүлийн гурван жилд нэг удирдлага, эзэмшилтэйгээр ажилласан байх, гаргасан нийт хувьцааны 25 хувь нь 6.4 сая ам.доллараас багагүй байх гэх мэт ерөнхий шаардлага тавьдаг. Анх бүртгүүлж буй компани 19500-83500 ам.доллар төлдөг. Харин бүтэн жилийн төлбөр нь 18600-152500 ам.доллар байдаг аж.
Хонконгийн Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Рональд Аркуллигээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай бирж Монголын компаниудад ямар боломжийг амлаж чадах вэ?
-Бидэнд монголчуудад тусалж чадах олон зүйл бий. Монголын хувьцаат компаниуд Хонконгийн Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх боломж бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Гэхдээ энэ ажил амжилтад хүрэх эсэх нь зөвхөн биднээс шалтгаалахгүй. Монголын төр засаг, аж ахуйн нэгжүүдийн идэвх зүтгэл үүнд шууд хамааралтай байна гэдэг нь ойлгомжтой. Манай биржийн зах зээлийн цар хүрээ маш өргөн. Энэ бүс нутагт дэлхийн хүн амын тэн хагас нь амьдарч байна. Манай компанид 1400 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 10 нь дэлхийн хамгийн хүчирхэг 50 компанид зүй ёсоор багтдаг. Манай манай салбар нэгжүүд зөвхөн Ази төдийгүй Австрали, Африкт ч бий. Энэ утгаараа бид Монголын компаниудад хөрөнгийн зах зээлээс асар их ашиг олох боломж олгох юм.
-Хонконгийн бирж зах зээлийн цар хүрээнээс гадна өөр ямар давуу талтай вэ?
-Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хөрөнгийн биржүүдтэй харьцуулж үзэхэд манай бирж зах зээлийн хөрөнгөжүүлэлт буюу капиталын хэмжээгээрээ нэгдүгээрт ордог. Мөн үнэт цаасны баталгаат эрх, эргэн дуудагдах гэрээ зэрэг үнэт цаасаар баталгаажсан үүсмэл хэрэгслийн нийт эргэлтийн хэмжээ, IPO гаргах замаар босгосон хөрөнгийн хэмжээгээр тэргүүлж байна. Үүнээс гадна олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн тогтолцоо, санхүүгийн тайлангийн стандарт мөрддөг. Капиталын хяналт тавьдаггүй буюу тайлагнах шаардлагагүй гээд аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээ тун хялбар. Басхүү Хятадын том зах зээл рүү нэвтрэх гол хаалга болж байна. Яагаад гэвэл манай биржид Хятадын 600 орчим том компани бүртгэлтэй. Хамгийн гол нь манай зохицуулалтын систем маш тодорхой, ил тод байдаг нь том давуу тал.
-Та бүхэн Монголын уул уурхайд гол анхаарлаа хандуулж байгаа нь тодорхой. Гэхдээ бусад салбарт хамтран ажиллах сонирхол бий юү?
-Монголын уул уурхайн гол ордууд төрийн мэдэлд байдаг. Бид дэлхийн олон орны төрийн өмчит компаниудтай хамтран ажиллаж байсан арвин туршлагатай. Энэ утгаараа Монголын уул уурхайн салбарт гол сонирхол төвлөрч байгаа нь үнэн. Гэхдээ танай улсын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, энэ чиглэлийн компаниудтай ойртож танилцах хүсэл эрмэлзэл бий. Монгол Улсын энэ салбар маш онцгой гэдгээрээ анхаарал татаж байгаа. Ер нь бид цаашид сонирхлоо улам өргөжүүлэхийн төлөө ажиллана.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин