
Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-аас энэ сарын 8-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг “Их эзэн Чингис хааны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан юм. Тиймээс амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас мэдэгдэж байна. Замын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Жаргалсайхан “УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ сарын 14-нд бүх нийтээр амарна. Хуулиар амралтын өдөр гэж заасан учраас автомашиныг улсын дугаараар нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үйлчлэхгүй” гэлээ.
Ш.ЧИМЭГ