
Үүнд ажиллаж байсан байгууллага нь татан буугдсаны улмаас ажилгүй болсон, эсвэл дампуурсанд тооцсон, тухайн үед орон тооны цомхотгол зэрэг шалтгаанаар ажилгүй болсон, ажиллаж байсан ч нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байсан иргэд шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болох юм.
Нийгмийн даатгалаа нөхөн төлөх хүсэлтэй байгаа иргэд арваннэгдүгээр сарын 15-наас 2013 оны наймдугаар сарын 1 хүртэл иргэдийн өргөдлийг хүлээн авах юм байна. Ингээд иргэдээс ирсэн хүсэлтийг хянаж үзээд хэдэн жил ажилласан байна гэдгийг тогтооно.
Өнгөрсөн есдүгээр сард баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг хэрэгжүүлэх ажил ийнхүү эхэллээ.
Хуульд дурдсан 10 жилийг 1990-1994 он хүртлэх хугацааг бол нийгмийн даатгалын систем бүрдээгүй үе болон 1995-2000 он гэсэн хоёр үе шатад хувааж үзэх аж.
Үүнээс 1990-1994 он хүртлэх хугацааг улсад ажилласан жилээр тооцож ямар нэгэн тооцоо хийхгүйгээр шууд баталгаажуулна.
Харин 1995 оноос хойш нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар бодож шимтгэл төлөхөөр журамласан байна. Тухайлбал, 1995-2000 он дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600, 12000 болон 18000 төгрөг байсан гэж үзэн 10 хувийн шимтгэлийг нэг удаа бүтэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ. Ингэснээр ажилласан нь тасарснаар тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа иргэд тэтгэврээ нөхөн тооцуулах боломжтой болж байгаа юм
1990-1995 оны хооронд 280 гаруй мянган хүн ажилгүй болж нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, ажилласан жил нь тасалдсан байдаг аж.