Ардчилсан нам 50 сая, харин Ардын нам…?

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам 50 сая, харин Ардын нам…?

УИХ-ын 2012 оны сонгууль эхлэхэд жил гаруйн хугацаа үлдсэн. Сонгуулийг өнөөдөр товлолоо гэхэд маргаашнаас эхлээд ирэх сонгуульд бэлтгэх нь улстөрчдийн хувьд хууль ёсны дүрэм гэж болно. Улс төрийн карьераа УИХ-д ганц удаа сонгогдсоноор төсөөлбөл тэдний хувьд амьдрал утгагүй, улс төрийн оролцоо нь хэтэрхий богино санагддаг байж болох. Ийм л учраас өнөөдөр дараа жилийн тавдугаар сарын улс төрийн “тулаан”-ы дүрмийг өөрсдийн эрх ашгийн төлөө эргүүлэхээр улайрч эхэллээ. Өнгөрсөн оны сүүлчээс эхэлж, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, тойр­гийг 26:50 хэмээн хуваах санаачилгыг Ардын намынхнаас идэвхжүүлж эхэлсэн. Ач тусыг нь сонгогчдыг улс төрийн үзэл бодлоор нь талцан хуваахаас татгалзах. Цаашилбал УИХ-ын гишүүдийг сумын сургуулийн дээвэр засагч, эмнэлгийн шал будагч, иргэн бүрийн хүсэл сонирхлыг биелүүлэгч гэсэн жижиг үүргээс салгах байлаа. Гэвч тэдний эл сайхан санаачилга өнгөө хувиргаж эхлэв.

Ардын намын дарга С.Батболд тэргүүтэй лиде­рүүд намынхаа нэрийг өөрчилсөндөө баярлаж бай­сан бол өдгөө “Бодох ёстой байж” гэсэн гүн шаналгаанд орчихож. Тэдний гүн шанал­гаа “Мажоритар, зөвхөн мажоритар” гэсэн тунхаг руу эргэчихлээ. Энэ нь Ардын намд ашигтай. Тэд энэ дүрмийг баталгаажуулснаар Н.Энхбаярын эсрэг зогсох хангалттай багийг УИХ-д бүрдүүлж чадна. Харин МАХН-д Н.Энхбаяраас бус­дад нь хаалга татах боломж олдохгүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд өөрийнхөө сайн тооцоолсон тойргоос лавтай гарах магадлал өндөр. Харин Н.Удвал, С.Молор-Эрдэнэ, Л.Цог гэх мэт ойрын зайны найз нарт нь мажоритор тогтолцоо халгаатайгаас илүү халгаатай. Хэрэв холимог тогтолцоогоор УИХ-ын 2012 оны сонгуулийг явуулбал сонгогчид Ардын нам болон Ардчилсан намын лидерүүдэд сэлгээ хийж, хянагч хэрэгтэй гэж үзээд Н.Энхбаярын намд боломж олгож болно. Ардын намынхан сонгуулийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх шинэ санаачилгаасаа урвах болсон шалтгаан нь энэ. Тэд анх Сонгуулийн тогтолцоог холимог болгон өөрч­лөхөөр анх ярилцаж байхдаа “УИХ-ын гишүүн С.Баярт хангалттай 120 мянган хүн саналаа өгнө. УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцанд баталгаатай 100 мянган сонгогч итгэл хүлээлгэнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид ч адилхан. Энэ мэтээр холимог тогтолцоонд бид лиде­рүүдийнхээ хүчинд найдахад алдах зүйлгүй. За­луусын хувьд мөнгөтэй бизнес эрхлэгчдийг оруулах хэрэгтэй” гэсэн дүгнэлт хийж байсан гэдэг. Гэвч тэр бүхэн өдгөө Ардын намын Удирдах зөвлөлийн хурал дээр өрнөсөн нууц яриа төдийхнөөр үлдэв. Ардчилсан намын тухайд өдгөө холимог тогтолцоо өөрсдөд нь хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэд Ардын намаас тасарч гарсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын улс төрийн тэмцэл хэр хол үргэлжилнэ, хэр олон сонгогчийн зүрх сэтгэлийг уймруулна, тэр бүхэн Ардчилсан намд ашигтай гэдгийг мэдэж байгаа. Залуучуудынх нь зүгээс ч тэр “Хэрэв сонгуулийн холимог тогтолцоог Ардчилсан нам лоббидохгүй бол бид хамтарсан Засгийн газраас гарахыг шаардах талаар ярилцаж байгаа” хэмээн шивнэлдэж байна билээ. Тэд санасандаа хүрвэл Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг дагасан залууст ашигтай. УИХ-ын 50 суудалд Н.Алтанхуяг өөрийнхөө талын нөхдийг бүгдийг нь биш юм гэхэд төлөөллөөс нь хавчуулах боломжтой болох юм. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын тухайд энэ талаар Орхон аймагт зохион байгуулсан “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгийн үеэр “Мажоритор тогтолцоо цаг ямагт Ардын намд ашигтай байж ирсэн. Мөн улстөрчид мажоритор тогтолцоотой үед хувийн тоглолт хийдэг. Бид үүнийг өөрчлөх хэрэгтэй” гэж байсан. Үнэхээр ч УИХ-ын 2008 оны сонгуулийг томсгосон мажоритор тогтолцоогоор зохион байгуулахад Ардын нам ч тэр, Ардчилсан нам ч тэр нэр дэвшигчид дотроо өрсөлдөж, “тулалдсан” нь нууц биш. Хөвсгөл аймагт Ардын намынхан төдийгүй Ардчилсан намынхан өөрсдийнхнийхөө эсрэг улс төр хийсэн. Өвөрхангай, Дорнод аймагт ч адилхан. Бодит жишээ бүхий баримт хангалттай олон. Тэдний ичмээр үйлдэл нь мажоритор тогтолцооны гажгийг улстөрчид төдийгүй иргэдэд ил тодоор харуулж өгсөн. Харин холимог тогтолцооны тухайд нэр дэвшигчид намдаа үйлчилж, намын даргынхаа ааш аягийг зөөлрүүлэх хэрэгтэй гэдгээрээ онцлог. Намынхаа удирдлагатай хатуу ярилцаад эхэлбэл УИХ-ын гишүүний суудлыг зөвхөн сэтгэл зүрхний мөрөөдөл төдийхнөөр үлдээнэ гэсэн үг. Ийнхүү холимог тогтолцоо руу эргэсэн сайн санаачилга өнөөдөр харин зорилгоо өөрчлөв.

Өөрчлөх өөрчлөхдөө хоёр танхимтай парламенттай болохоор ярилцав. УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан энэ талаар “Сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Яарахгүй бол дахиад дөрвөн жил хүлээнэ. Болж өгвөл шинэчлэлээ эртхэн хийгээд эмхэнд нь оруулъя. Бид одоо хийхгүй бол хэзээ хийх вэ. Одоогийн парламент энэ өөрчлөлтийг зориг гаргаж хийх ёстой гэж бодож байна” гэжээ. Тэгэхээр өнөөдөр нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хоёр танхимтай парламентыг хуульчлах тохиролцоог аль эрт хийчихсэн байж болох. Үүнийг зөвхөн Ардын нам ч бус улс төрийн бусад хүчин ч дэмжиж байгаа. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ч шинэ санаачилгын талд гараа өргөнө гэх яриа бий. Энэ нь улс төрийн намууд хоёр танхимын эсрэг өөр зуураа толхилцохгүй гэсэн үг.

Түүнчлэн Ардын нам болон Ардчилсан намынхны тухайд хоёр танхимтай болсноор эсрэг байр суурьтай улс төрийн намуудыг нэг сонирхолд нэгтгэх боломжтой хэмээн үзэж буй тухай яриа ч хаалганы цаана гарах болжээ. Энэ нь Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулж, УИХ-ыг тарахыг шаарддаг хөдөлгөөнүүд болон намуудыг чимээгүй болгох нэг боломж байж болох аж.

УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хүссэн Ардчилсан намын гишүүд намдаа 50 сая төгрөгийн хандив өгөх дотоод дүрмийг саяхан баталсан. Тэд ирэх 2012 оны тавдугаар сарыг хүртэл дээрх хандивыг 12 саяар нь дөрөв хувааж төлөх ёстой.

Ардын намын хувьд УИХ-ын 2008 оны сонгуулиар 20 сая төгрөгийн босго тогтоож байсан. Ирэх сонгуульд хэдэн төгрөгийн хандив тогтоохыг Бага хурал нь шийдэх ёстой. Энэ нь хоёр танхимтай парламенттай болохоор боллоо гэхэд нам боломжийн сайхан ашигтай ажиллана гэсэн үг. Эргээд энэ нь сонгууль уу, хандивын хувьсгал уу гэдэг тодорхой хариулт өгч болох.

Харин уг санаачилга энэ удаад хэрэгжих боломжгүй боллоо гэхэд Ардын нам мажоритор тогтолцоог тулгах нь тодорхой болоод байгаа. Тэр тохиолдолд “Ерөнхийлөгч хориг тавина” гэдгийг ойрынх нь эх сурвалжууд жижиг намын лидерүүдтэй хэлэлцсэн сураг байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх эрх УИХ-д байдаг гэдэг талаас нь харвал энэ нь бяцхан улс төр болоод үр дүнгүй өнгөрч болох.

Энэ бүхнээс харахад УИХ-ын 2012 оны сонгууль бодит байдал дээр сонгууль гэхээс илүү хувьсгал болж мэдэх юм. Мэдээж сонгуулийн хувьсгал гэж нэрлэвэл илүү оновчтой байж болох. Тэр хувьсгал гэхдээ эрх баригчдыг өөрчлөх, шинэчлэх, цус сэлбэх бус харин бүрэн эрхийг нь баталгаажуулсан “Цөөн лидерийг шүтэв” гэсэн томъёоллыг Монголд мөрдлөг болгосон тийм хувьсгал байж мэдэх юм.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж