”Киноныхоо нээлтээр цагаан эсгийн дээр алхана”

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

”Киноныхоо нээлтээр цагаан эсгийн дээр алхана”

Монголын кино урлагт бас нэгэн өнгө төрхийг нэмэх “Гарал угсаа” уран сайхны киноны нээлт энэ сарын 9-нд болох байсан ч тов нь долоо хоногоор хойшилжээ. Киноны найруулагчаар залуу жүжигчин Т.Билэгжаргал ажилласан бөгөөд түүний анхны дэлгэцийн бүтээл юм. Түүнээс шинэхэн уран бүтээлийнх нь талаар тодрууллаа.

-Сарын өмнөөс нээлтээ хийнэ хэмээн мэдээлж байсан “Гарал угсаа” киноны нээлт яагаад хойшлов?

-Энэ кино уг нь адал явдалт драмын уран сайхны бүтээл. Гэвч үзэгчдэдээ үзүүлж чадалгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Киноны маань нээлт болохгүй удаа дараа хойшилж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Ядаж л жүжигчид шинэ уран бүтээл хийлээ гэхэд түүнийг нь төрөөс дэмжих талаар тодорхой бодлого алга. Ямартай ч уран бүтээлчид маань ярилцаад киногоо энэ сарын 16-нд албан ёсоор нээхээр болсон. “Өргөө-1” “Өргөө-2”, “Тэнгис”, “Соёмбо” кино театр болон Дархан, Эрдэнэт, Сүхбаатар аймгийн шинэ кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийнэ.

-Киноныхоо нэрний тухай сонирхуулаач. Яагаад заавал “Гарал угсаа” гэдэг нэрийг өгсөн юм бэ?

-Ерөнхийдөө адал явдалт драмын уран сайхны кино учраас нэрийг нь их бодож өгсөн. Тийм утгатай гээд яримааргүй байна. Харин яагаад ингэж нэрлэв, ямар кино байна вэ гэдгийг ирээд үзээрэй гэж хэлье. Түүхэн кино юм шиг санагдаж байгаа ч орчин цагийн драмын адал явдал талаас буюу дэлхийн стандартын кино ямар байдаг билээ, яг тэр талаас нь бодож зураг авалтаа хийсэн.

-Киноны триллерийг харахад буу шийдэм барьсан хүмүүс гараад их л адал явдалтай кино юм шиг санагдсан?

-Тийм, хүмүүс үзэхэд маш эвтэйхэн харагдахаар кино хийсэн гэж бодож байгаа. Гарч байгаа бүх үзэгдлийг хүч гаргасан хийсэн болохоор үзэгчид маань ойлгож, хүлээж авах байх аа.

-Энэ кино таны найруулсан анхны бүтээл гэсэн бил үү?

-Миний бие дааж, зохион байгуулж удирдаж хийсэн анхны бүтээл. Гэхдээ хэд хэдэн кинонд оролцож байсан. Биеэ дааж кино хийнэ гэдэг чамгүй ажил юм билээ. Кино гэдэг чинь маш том урлаг. Бүх урлагийн нийлмэл урлаг гэдэг утгаараа хүнд байсан.

-Гол дүрд тоглож буй жүжигчдээ танил­цуулахгүй юу?

-“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батука, “Гурван охин” хамтлагийн дуучин, жүжигчин Г.Анхмаа нар гол дүрийг бүтээсэн. Дээр нь сонирхуулахад, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, жүжигчин Д.Баттогтох, “Шинэ үе” продакшны жүжигчин Алдармаа зэрэг уран бүтээлчид тоглосон. Уг киног “Mongolian Screen Actors Academy”, “Black Zebra”, “Aptitude joy” кино нэгтгэлээс бүтээсэн. Нэгдмэл сэтгэлээр маш сайхан кино болгосон жүжигчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна

-Сүүлийн үед киноны нээлт гэхээр манайхан улаан хивсний ёслол гэж хийдэг болж. Таны хувьд?

-Улаан хивс дэвсэхгүй ээ. Монголын үндэсний хэв шинжийг агуулсан кино учраас цагаан эсгийний ёслолоор нээнэ. Өөрийнхөө хэмжээнд хүсэл мөрөөдлөө биелүүлж том бүтээл хийсэн гэж бодож байгаа учир ёслол төгөлдөр нээхийг хүсч байгаа. Ямар ч байсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.

О.САЙХАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж