Л.Гаваасүрэн: Манай чуулгаас ирээдүйн ”АС”-ууд төрнө

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Л.Гаваасүрэн: Манай чуулгаас ирээдүйн ”АС”-ууд төрнө

Ард түмнийхээ амар амгаланг сахин хамгаалж яваа цагдаагийн албанд авьяас билэгтнүүд олон ажээ. Тэдний нэг нь цагдаа, олон нийтийн сургалт, соёлын төвийн дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн юм. Түүнтэй уулзаж  Цагдаагийн “Сүлд” чуулгын талаар ярилцлаа.

-Саяхан танай чуулгын “Таны танил дуу”-нууд тоглолтыг үзэх завшаан тохиосон юм. Сэтгэл хөдлөм сайхан тоглолт боллоо гэсэн талархлын үг олон хүний амнаас гарч байна?

-Баярлалаа тоглолтыг маань  үзсэн олон үзэгч бидэнд талархалаа илэрхийлж амжилт хүссэн. Манай чуулгын уран бүтээлчид шинээр гарч ирж буй нэг үеийн залуучууд. Тиймээс уран бүтээл нь уран бүтээлд хандах сэтгэлгээ нь ч бас шинэлэг болсон байх аа.

-Танай чуулгын гол уран бүтээлчид гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-М.И.Глинкийн нэрэмжит “Олон улсын дуурийн дуулаачдын ХХlV уралдаан”-д дуучин, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ариунбаатар “Тэргүүн байр” эзэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнууллаа. Тэгэхдээ манай Г.Ариунбаатар түүчээлж явна гэж хэлж болно. Гэхдээ манай уран бүтээлчид жигдхэн авьяас чадалтай “Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ” гэдэг шиг бүгд л тулалдаанд нисэх гээд бэлтгэлээ базааж байна. Ирээдүйд “АС”-ууд /шилдэг нисэгчид/ болох охид, залуус цөөнгүй бий гэж боддог.

-Танай чуулга цомхон бүрэлдхүүнтэй ч олон уралдаан тэмцээнд амжилт гаргасан авьяаслаг залуус олон байгаа гэж сонссон?

-Тийм ээ манайх цомхон бүрэлдэхүүнтэй. Одоо ч хүний олноор ажил нугалдаг цаг үе өнгөрч байна. Харин хүний чадавх, дотоод нөөц бололцоо, хөрвөх чадвар, оюун санааны боломжийг дайчилдаг болсон. Манай чуулгын хөгжим гэхэд концертын хөгжмөөс гадна цагдаагийн хүрээний хөгжмийн үүргийг давхар гүйцэтгэж ирсэн. Яг мэргэжлийн уран бүтээлчид гэвэл 30 гаруй бий. Сүүлийн хоёр жилд “Учиртай гурван толгой”, “Монгол туургатны дууны их наадам”, “Universe best songs”, “Толин хул мину зээ”, “Залуу рок поп дуучдын уралдаан”, “ХХ зууны дуунууд 25”, Хөгжмийн зохиолч Б.Дарамзагдын нэрэмжит “Олон улсын мэргэжлийн дуулаачдын lll уралдаан” зэрэг улсын болон олон улсын чанартай уралдаануудад амжилт дүүрэн оролцлоо.

Тухайлбал дуучин цагдаагийн дэслэгч Б.Жавхлантөгс М.Могамаевийн нэрэмжит “Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан”-ы шил-дэг 15-д шалгаран өнгөрөгч аравдугаар сард Москва хотод болсон тэмцээнд оролцож  Vll байрт шалгарсан.

Ингээд тоочоод байвал олон бий.

-Танай чуулга урын сангаа хэр зэрэг баяжуулж байна даа?

-Чуулгын улбааг хөөвөл их залуу чуулга биш л дээ. Анх Дотоод явдлын яамны сайдын тушаалаар 1936 онд “Цагдан сэргийлэхийн клуб”-ийг бай-гуулсан байдаг. Нэг сонин тохиолдол нь 1936 оныг Засгийн газраас соёл боловсролын он болгон зарласантай давхцдаг юм. Тэр цагаас л цагдаагийн чуулгын түүхийг ярих байх. Энэ клубт ардын жүжигчин “Алиа”  хэмээх Ж.Данзан, ардын жүжигчин Г.Гомбосүрэн,  Ц.Дашдулам, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Нямсүрэн, төрийн шагналт зохиолч С.Удвал нарын зэрэг урлаг соёлын алдар цуутнууд ажиллаж байсан.

Чуулгын мэргэжлийн уран бүтээлчид сүүлийн гурван жилд үлээвэр хөгжмийн бүтээл 150, дуулаачийн бүтээл 190 гаруйг туурвиж шинээр 20 гаруй бүжгийг тавьсан байна. Урын сангаа байнга баяжуулж байгаа учраас уран бүтээлчид бие даасан тоглолтоо хийх боломж бүрдэж байна.

Одоогоор гавьяат жүжигчин, дуучин, цагдаагийн  ахлах  дэслэгч Г.Ариунбаатар, цаг-даагийн дэслэгч Б.Жавхлантөгс, Б.Долгормаа, П.Өнөржаргал, цагдаагийн ахлагч Ж.Энхмаа нарын хамтарсан “Сонгодог агаар”, дуучин, цагдаагийн дэслэгч П.Өнөржаргал, бүжиг-чин, цагдаагийн дэслэгч Б.Дарханбат, цагдаагийн ахлагч Л.Баярчимэг нарын “Хайр”, бүжигчин, цагдаагийн ахлах ахлагч, соёлын тэргүүний ажилтан У.Оюуномин, дуучин, цагдаагийн ахлагч Ж.Энхмаа нарын хамтарсан “Хоёр ертөнц” зэрэг тоглолтыг хийгээд байна. Удахгүй Г.Ариунбаатарын  “Монгол сонгодог-1” тоглолт болон дуучин П.Өнөржаргалын тайлан тоглолт болно.

Саяхан “Сүлд” чуулгын бүжигчдийн “Цагаан шонхорын тэмүүлэл” нэртэй дан бүжгийн тайлан, “Монгол онгод” хамтлагийг танилцуулах тоглолтыг хийсэн. Энэ тоглолт нь үзэгчид,  багш нараасаа өндөр үнэлэлт авсан. Өвөл цагийн нээлтэд зориулсан тоглолтоо өөрийн байранд зохион байгуулсан юм. Үзсэн хүн болгон бахдан ярьж, чадварлаг чансаатай, үзүүштэй тоглолт боллоо гэж үнэлсэн нь уран бүтээлчдэд  ихээхэн урам хайрласан шүү.

Тиймээс цаашид ч тоглолтыг тогтмол зохион байгуулж олон түмэнд хүргэж цагдаагийн байгууллага уран бүтээлчидээ сурталчлах  зорилттой ажиллаж байна.

-Танай чуулга орон нутагт очиж тоглодог уу?

-Энэ бол бидний гол ажил сүүлийн хоёр жил гаруй хугацаанд 18 аймгийн цагдаагийн алба хаагч, иргэддээ урлагийн тоглолтоор үйлчилсэн. Одоо Дорнод, Дорноговь аймаг үлдсэн энэ ондоо багтааж тоглолтоо хийх төлөвлөгөөтэй.

-Танай уран бүтээлчид цагдаагийн байгууллагын алба хаагчдад сэтгэлийн өргөл болгож хэсэгчилсэн тоглолт зохион байгуулдаг гэсэн. Энэ талаар?

-Цагдаагийн байгууллагын ажил ямар хүнд хэцүү болохыг та надаар хэлүүлтгүй мэднэ. Ер нь нийгэмд хамгийн их стресстэй ажил бол цагдаагийн хөдөлмөр. Энэ  хүнд албанд ажиллаж байгаа цагдаа нартайгаа бид сэтгэл зүрхээрээ хамт байж сэтгэлийн өргөл тоглолт зохион байгуулдаг юм.  Бид бас алдар хүндтэй ахмад ажилтан, залуусынхаа хөдөлмөрийн алдрыг хороо захиргаатай нь хамтран оршин суугчдын нь дунд алдаршуулан тэмдэглэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Цаашид өргөн дэлгэр хийнэ. Аль болох хүний сэтгэлд наалдсан үр өгөөжтэй ажил зохион байгуулахыг зорьж байна.

-Танайх иргэд олон нийттэй холбоогоо бэхжүүлэхийн тулд ямар ажил зохион байгуулж байна вэ?

“Зөвхөн иргэд төдийгүй цагдаагийн алба хаагчидтайгаа ч илүү ойр дотно ажиллах шаардлага бий. Энэ оны долдугаар сард Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсүүдтэй хамтран амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай алба хаагчдын амьдралд дэмжлэг үзүүлэх хандивын тоглолтыг хийж нийт 43 алба хаагчид 9.5 сая төгрөгийг гардуулж өгсөн. Баянзүрх дүүргээс тавьсан хүсэлтийн дагуу иргэн Д.Манлайхүү багшийн БНСУ-д цусны чөмөг суулгах эмчилгээнд зориулж хандивын тоглолтыг зохион байгуулж хийсэн. Энэ бүхэн бол иргэд алба хаагчидтайгаа ойр байх, тэднийхээ амьдралд бага боловч нэмэр болох эрмэлзэл юм.

Манайх их залуу бүрэлдэхүүнтэй гэдгийг дээр хэлсэн. Бүгдээрээ л ажил хөдөлмөр амьдралын гараагаа дөнгөж эхэлж буй залуучууд учраас хүнтэй л адилхан амьдрах гэсэн хүсэл эрмэлзэл нь ижилхэн байдаг.

Ийм учраас бид өөрийн алба хаагчдаа ч бас бодох ёстой өрх сунгаж, үрийн зулай анх удаа үнэрлэж буй залуучууд дийлэнх байна. Судалгаагаар тэдний маань 80 хувь нь цалингийн зээлтэй байгаа энэ зээлийн ачаалалыг бага боловч хөнгөлөх зорилгоор саяхан “Таны танил дуу”-нууд сэдэвтэй хандивын тоглолтыг хамт олондоо зориулж бөхийн өргөөнд хийсэн энэ тоглолтыг та өөрөө үзсэн юм байна.

Гэхдээ эдгээр нь шинэ ажил биш л дээ. Цагдан сэргийлэх байгууллага нь 1921 оны аравдугаар сараас Засгийн газрын 18 дугаар хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ядуусыг бүртгэх, тэднийг тэтгэн тэнхрүүлэх хороонд шилжүүлэх үүргээ гүйцэтгэхдээ Залуучуудын эвлэлийн байгууллагатай хамтран урлаг, уран сайхны тоглолт, дуу, шүлэг, бүжиг, хошин шог үзүүлбэрийг бэлтгэн, ард иргэдэд тоглон, олсон орлогоо ядуусыг тэтгэн тэнхрүүлэх хороонд хандивлан туслаж, буянтай сайхан үйлс бүтээж байсан түүх бий. Энэ ажил нь олны анхаарлыг ихэд татаж, цагдаагийн байгууллага ард олныхоо төлөө ажилладаг, тэдний тусын тулд үйлчилдэг, ард олноо хамгаалдаг байгууллага гэдгийг ойлгон, нэр хүнд нь дээшилж байжээ.

-Та дээр “хөрвөх” чадвартай уран бүтээлчийн тухай ярилаа. Үүнийгээ тодруулаач.

-Тиймээ уран бүтээлч хүнд хөрвөх чадвар чухал. Би нэг жишээ хэлье. Манай чуулгад “Монгол онгод” бий. Энэ хамтлагийн залуучууд мундаг хөрвөх чадвартай. Энэ залуучуудаас үндэсний язгуур хөгжим болон цахилгаан хөгжмийн хамтлаг гардаг. Эдгээр залуучууд 2-5 хүртэл хөгжмийн зэмсэгийг бүрэн эзэмшсэн, олон улсын болон өөрийн орны томоохон уралдааны тэргүүн, дэд байрын шагналтай хүүхдүүд бий. Манайх хөрвөх чадвартай энэ чадварлаг залуучуудыг ажиллуулснаар зургаан хөгжимчний  орон тоог хэмнэж байна гэсэн үг.

Хөрвөх чадварыг ашиглах нь шинэ ойлголт биш юм. Оросын цагаан хаан 100 хүнтэй хөгжмийн бүрэлдэхүүнээр үлээвэр, симфони, үндэсний хөгжмийн оркестрыг тоглодог болгон бэлтгэж байсан түүх байдаг юм билээ.

Г.ГАНБОЛД
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж