Ази, Европыг Монголтой холбох торгоны зам болно

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Ази, Европыг Монголтой холбох торгоны зам болно

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Улаанбаатар хот Сүх­баатар аймгийн соёлын өдрүүдээр амьсгалж байна. Хэр амжилттай болж байна даа?

-Манай аймгийнхан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр нийс­лэлд ирээд байна. Соёл урлагийн байгууллагынхан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлд ажиллаж байна гэхэд болно. Аймгийн Хөг­жимт драмын театр болон бусад байгууллагын 100 гаруй уран бүтээлч ирлээ. Гэхдээ бид зөвхөн Сүхбаатар аймагт ажиллаж, амьдарч байгаа бус нийслэлд уран бүтээлээ туурвиж буй хүмүүсийг ч энэхүү арга хэмжээнд хам­руулахыг зорьсон. Уг нь өнгөрсөн намар зохион бай­гуулахаар төлөвлөсөн ч зүүн аймгуудыг хамарсан шүлхий өвчин манай аймагт гарсантай хол­боотойгоор хойш­луулсан. Соёлын өдрүүд маань нийслэлд сайхан үр­гэлжилж байна. Сэтгэгдэл маш өн­дөр байгаа, манайхан.

Сүх­баатарчууд өнгөрсөн өвлийг өнтэй сайхан давсан. Хилийн бүс орчмын зарим сумаар цас унасныг эс тооц­вол хатуу өвөл болоогүй ээ.   Тийм болохоор манай нутагт хавар ч сайхан болох төлөвтэй байна. Ийм урин хаврын эхлэл, бас нэг талаар баяр  болгож манай аймгийн соёлын өдрүүд нийслэлд болж байна даа. Санаснаас ч олон хүн ирж оролцож, үзэж сонирхож байна. Нийслэлд амьдарч байгаа сүхбаатарчууд маань үнэхээр олон юм. Тиймээс нутгийнхаа өнгө төрх, дуу хуур, уран дархчуудын хосгүй бүтээлийг нийслэлчүүддээ аль болох цогцоор нь сонирхуулахыг хичээлээ.

-Өмнө нь танай аймгийнхан нийслэлд иймэрхүү арга хэм­жээ зохион байгуулж байсан туршлагатай байх. Тэгээд ч хамгийн сайн дарх, ур хийц, үлгэр домог, дуу хуурын өв сан ихтэй шүү дээ, сүхбаатарынхан. Тийм болохоор, дундаас дээш насныхан бол түүх, урлаг, соёлоор нь хангалттай сайн мэдэх болов уу?

-Үнэхээр тийм шүү. Урлаг соёл, ялангуяа яруу найраг, дүрслэх урлагийн өлгий нутаг бол манай аймаг. Соёлын бусад төрлөөр ч нүүр бардам байхаар өв сантай. Ирэх жил Сүхбаатар аймгийн 70 жилийн ойн баяр болно. Их ой угтсан олон ажлын нэг нь энэ удаагийн арга хэмжээ л дээ. Гэтэл манай аймгийг бусдад таниулах, мэдрүүлэх ажил өнгөрсөн хугацаанд тийм ч олон удаа болж байгаагүй юм билээ. Бод л доо. Одоогоос 46 жилийн өмнө буюу 1965 онд л Сүхбаатар аймгийг сурталчлах соёл урлагийн арга хэмжээ Улаанбаатарт анх болж байсан юм билээ. Энэ удаа бид хоёр дахь удаагийнхийг нь зориуд зохион байгуулж байгаа юм.

– Та ч сая хэллээ. “Уран дархан, гар урлалын өлгий бол Сүхбаатар аймаг” гэж. Дарьганга, Барга хийц ч гэдэг юм уу, тэр алдартай уран дарх, арга ажиллагааг сүхбаатарчууд хадгалж үлдэж чадсан уу?

-Ер нь Дарьганга хийц гэж юуг хэлээд байгаа юм. Орчин үеийн залуус нь юу чадаж байгаа зэргийг бид дэлгэж харуулах гэсний цаад утга учир энэ шүү дээ. Манай орон нутгийг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа  бараг бүх үзмэрийг Улсын төв музейд байрлуулан  нийтэд дэлгэн үзүүлж байна. Эндээс тодорхой харж болно. Зөвхөн уран зураг, дүрслэх урлагийн чиглэлийн 50 гаруй уран бүтээлчийн бүтээлийг “Арт галерей”-д дэлгэн үзүүлж байгаа. Тэгэхээр хойч үе нь юу хийж бүтээж буйг эндээс харьцуулж харах боломжтой. Жишээ нь, дарьганга дархчуудын дөрөв дэх үеийн дархан Н.Амартайван гэдэг залуу нутагтаа уран бүтээлээ туурвиж байна. Мөнгөн урлалаар Монголд Дарьганга болон Говийн ноён сэврэй хийц тун алдартай. Үнэхээр гайхамшигтай. Тийм болохоор дархчууд нь үе дамждаг юм.

-Энэ удаагийн соёлын өд­рүүдийг өргөн бүрэлдэхүүнтэй зохион бай­гуулж байгаа юм байна. Мэдээж үүнд ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа байх. Үүнийг яаж шийдэв?

-Төсвийн хөрөнгө оруулалтаар ийм том ажлыг зохион байгуулах ямар ч боломжгүй. Орон нутагт төсвийн байгууллагын уран бүтээлчдийн цалин, уран бүтээлийн мөнгө ч бүрэн  очихгүй байгаа шүү дээ. Гэхдээ хэцүү байна гээд бид зүгээр суугаад байж чадсангүй. Энэ арга хэмжээнд нийт 200 гаруй сая төгрөг зарцуулж байгаа. “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэгчээр хүмүүс чадах ядахаараа тусалж байна. Урлаг, соёлд дуртай, нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн хандив, тусламж их дэм боллоо. Тээврийн компанитай хүн гэхэд л автобус, унааны тал дээр туслах жишээтэй.  Хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиллаж байгаа зарим хүн сурталчилгааны тал дээр дэмжиж байна. Ер нь хүн болгон л эрвийх дэрвийхээрээ оролцож байна даа. Тийм болохоор бид ор нэр төдий хийх биш, өндөр хэмжээнд зохион байгуулахыг хичээж байна.

-”Холын хүнээс үг сонс” гэдэг шүү дээ. Сүхбаатар аймагт хаваржилт ямархуу байна вэ?

-Энэ жил мал төллөлт харьцангуй орой  эхэлж  байгаа.  Яагаад   гэвэл  өнгөрсөн жил манай аймагт шүлхий өвчин гарсан учраас эцэг малаа оройтуулж тавьсан. Гэхдээ хаваржилтын хувьд хүндрэл алга. Сүхбаатар аймаг ойролцоогоор хоёр сая орчим малтай болох төлөвтэй байна. Одоогийн байдлаар 700 орчим мянган төллөх малтай. Малын жилбэ сайн байгаа. Өнгөрсөн өвөл баруун бүсийн зарим аймагт өвөлжилт хүндэрч, зудад малаа сая саяар нь алдсан шүү дээ. Харин зүүн аймгуудын хувьд, ялангуяа манай аймагт өвөлжилт гайгүй байлаа. Тийм ч учраас өнгөрсөн өвөл улсын хэмжээнд мал нь таван төрөлдөө өссөн ганц аймаг байсан нь Сүхбаатар. Ер нь сүүлийн гурван жил дараалж мал таван төрөлдөө өслөө.

-Малчдын ахуй амьдрал хэр байна. Өнгөрсөн намар танай аймагт малын шүлхий өвчин гарсан нь малчдад хүнд цохилт болсон байх. Одоо гайгүй юу?

– Малчдад үнэхээр хүнд туссан. Гэхдээ хийсч ирсэн гамшгийг манай малчид төр засгийн дэмжлэгтэйгээр амжилттай давсан. Харин одоо  ноолуурын улирал эхэлж байгаа болохоор малчдын амьжиргаа сайжирч байгаа. Сүхбаатар аймагт Баяндэлгэрийн  улаан ямаа элбэг учраас ноолуурын үнэ харьцангуй өндөр байна. Ойролцоогоор нэг килограмм ноолуурын үнэ 74 орчим мянган төгрөгт хүрлээ. Зөвхөн малчид ч гэлтгүй аймгийн эдийн засаг сүүлийн үед маш их өсч байгаа. Хадгаламжийн хэмжээ болон харилцах дансны үлдэгдэл олон тэрбумаар өссөн. Энэ юуг харуулж байна вэ гэхээр эдийн засаг мэдэгдэхүйц тэллээ гэсэн үг. Үүнээс гадна зөвхөн хөдөөгийн малчид гэлтгүй аймгийн хэмжээгээр чинээлэг, дундаж орлоготой иргэдийг олноор буй болгохыг бид зорьж байна. Үүнд дэмжлэг үзүүлэх үүднээс орлого багатай иргэдэд зориулж багавтар талбайтай, халуун, хүйтэн, цэвэр  устай, хямд үнэтэй орон сууцны хорооллыг барьж байна. Хамгийн гол нь ийм орон сууц худалдан авах чадварыг нь харгалзаад иргэдэд 20 хүртэл жилийн хугацаатай зээлийн нөхцөл санал болгож байгаа юм. Бас гайгүй, чинээлэг хэсэгт зориулж Канад загварын хаус хороолол байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ мэтээр өнгөрсөн онд аймгийн хэмжээнд бодитой 12 ажлыг бид бүтээсэн нь аймгийн иргэдийн амьдрах орчинд оруулсан томоохон хөрөнгө оруулалт гэж хэлж болно.      

-Эдийн засаг тэлж байгаа гэж та сая хэллээ. Тэгэхээр зөвхөн мал аж ахуйд суурилсан бодлого нөлөөлөөгүй байх. Сүхбаатар аймаг бол ашигт малтмалын орд, байгалийн баялаг ихтэй шүү дээ. Энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Дорноговийн аж үйлдвэрийн цогцолбор, Өмнөговийн нүсэр ордууд шиг улсын хэмжээнд анхаарал татахуйц  “саалийн үнээ” бол байхгүй. Гэхдээ ашигт малт­малын ордууд бий. Ашиглаж байгаа нь ч, хайж байгаа нь ч байна. Хамгийн гол нь зүүн бүсийг хамарсан том бүтээн байгуулалт төрийн бодлогоор удахгүй эхэлбэл төмөр замын хөндлөн тэнхлэг манай аймгаар дайрна. Энэ бол маш том боломж. Үүнээс гадна Монгол Улсаас далайд гарах гарцад хамгийн дөт нь манай аймаг. Ази, Европыг холбосон олон улсын чанартай авто зам ч аймгийн төвөөр дайрч өнгөрөхөөр байгаа. Хуучнаар бол Торгоны зам гэсэн үг л дээ. Энэ мэтээр ирээдүйд геополитикийн хувьд ихээхэн ашигтай бүс байх төлөв ажиглагдаж байна.

-Өнгөрсөн хавар танай аймгийнхан нийслэлд “Хөрөнгө оруулалт-хөгжлийн чуулган” зо­хион байгуулж байсан шүү дээ. Эндээс гарсан шийдвэрээ жилийн дараа дүгнэж ярихгүй юу. Жирийн нэгэн аймаг гэхэд гадаадын хөрөнгө оруулагчид маш их ач холбогдол өгч, сонирхож байсан шүү дээ?

-Тэрхүү чуулганд есөн орны 300 орчим хөрөнгө оруулагч оролцсон. Үнэхээр үр дүнтэй чуулган болсон. Энэ аймгийн нүүр царай, хөгжлийн түвшин  2021 он гэхэд ямар болсон байх вэ гэдэг гарцыг бид хайсан юм. Түүнийгээ ч тодорхойлсон. Одоо Бичигтийн боомтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Төмөр замын ажил Хятад талаасаа манай хил дээр ирчихээд байна. Үүнийг дагасан судалгааны ажил, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж байна. Ерөнхийдөө тэр үеэр яригдсан зүйлс ажил хэрэг болоод эхэлсэн. Наад зах нь Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиг­лэлийн өргөн царигийн, Баруун-Урт-Хөөт-Бичигтийн нарийн ца­ри­гийн төмөр замын бүтээн бай­гуулалтыг төрийн бодлогод тус­гасан нь хамгийн том ажил боллоо. Ер нь дэд бүтцийн хувьд ч ахиц гарч байгаа. Бүх сум гэрэлтэй, төвийн эрчим хүчний эх үүсвэртэй холбосон. Авто замын хувьд одоо 165 километр зам дутуу байгааг эс тооцвол аймгийн төв хүртэл саадгүй болно. Аймгийн хөгжлийн бас нэг гарц бол Эрдэнэцагаан сумын нутагт байдаг Бичигтийн хилийн боомт.  Олон улсын чанартай, байн­гын ажиллагаатай боомт учраас зөвхөн Хятад, Монгол гэлтгүй гуравдагч орны иргэдэд ч үйлчлэх боломжтой. Цаашдаа зүүн бүсээс олборлож байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүнийг түүхийгээр нь га­даг­шаа зөөхийн оронд энэ боомтыг түшиглэж аж үйлдвэрийн цогцолбор байгуулж болно. Тэгвэл нүүрс, зэсийг баяжуулж, төмрийг хайлуулаад боловсруулсан бүтээгдэхүүн болгож экспортлох боломжтой. Эцсийн бүтээгдэхүүн болгодоггүй юм гэхэд хоёрдогч шатны болосруулалтыг энд хийж болно. Ингэвэл ажлын байр олноор бий болж, нэмүү өртөг нь Монголд шингэж үлдэнэ шүү дээ.

 -Сүхбаатар аймаг бол өвөлдөө дулаан хангамжийн хүндрэлтэй нүүр тулдаг аймгуудын нэг шүү дээ. Харин удахгүй дулааны цахилгаан станцтай болох гэж байгаа сураг дуулдсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Энэ жил шинээр дулааны цахилгаан станцтай болох ажлыг ерөнхийд нь шийднэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Одоо бол хэсэгчилсэн байдлаар таван уурын зуухаар аймгийн дулаан хангамжийн асуудлыг шийдэж байгаа. Олон жил ийм байдалтай байсан. Тэгвэл энэ онд багтаад Сүхбаатар аймаг анх удаа дулааны цахилгаан станцтай болно гэсэн үг. Бүх айл өрх, албан байгууллага нэг амнаас халаалтаа авч, халуун хүйтэн усаар хангагдаж эхэлнэ.

-Гэхдээ хөрөнгө санхүүгийн хувьд хэр хүндрэл учирч байна вэ?

-Улсын чанартай хөрөнгө оруу­лалтыг  хөдөөд үнэхээр бага хийж байна. Хэдийгээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан боловч санхүүжилт байхгүй олон ажил байна. Жишээ нь бүх аймгийг засмал замаар холбох ажлыг нэрлэж болно. Иймэрхүү том ажлуудыг төлөвлөхөөсөө өмнө санхүүжилтийн эх үүсвэрийг нь тодорхой болгох хэрэгтэй санагддаг. Хоёрдугаарт, орон нутагт бие даан хөгжихөд хамгийн их чөдөр, тушаа болж байгаа зүйл бол Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль. Энэ хуулиас болоод орлого дайчлах ямар ч боломж байхгүй. Орлого дайчлах боломж бүрдлээ гэхэд Сангийн яамнаас зарлага талыг нь санхүүжүүлдэггүй. Орлого нэмэх, давуулах төлөвлөгөө л өгөөд байдаг. Орон нутаг бие даагаад юухнаас ч гэсэн орлого олоод түүнийгээ эргүүлж зарцуулах эрхгүй байна. Аливаа орлого, татвар бол төсвийн орлого байх ёстой гээд уг хуульд заачихсан, дээрээс нь зарлагыг нь санхүүжүүлэхгүй болохоор үнэхээр хүндрэлтэй байна. Төлөвлөгөөгөө биелүүлж, түүнээс давсан орлогоороо л бүтээн байгуулалтын зарим ажлыг амжуулж байгаа. Төсвийн тухай хуулийг шинэчилнэ гэж миний мэдэхийн сүүлийн гурван жил ярилаа. Одоо УИХ-аас шинэчилж баталлаа гэхэд хаа байсан 2013 оноос л хэрэгжүүлж эхлэх биз.

-Уг нь аймаг, орон нутгийн эрх мэдэл маш их нэмэгдсэн гэж ярьж байгаа шүү дээ. Бодит байдал дээр өөр гэж үү?  

– Үүнийг ард түмэн өөрөөр хардаг.  Аймаг орон нутгийн удирдлагын  эрх мэдэл, бүтэц нь улам томроод байна. Үүнийг дагаад санхүүжилт их авч байгаа гэж боддог. Гэтэл эрх зүйн хувьд орон нутгийн эрх мэдэл аль ч талаасаа хумигдаж байгаа. Салбарын хуулиудыг нэг нэгээр нь сугалж авч, босоо тогтолцоотой болгож байна. Аймгийн Татварын албыг  Татварын ерөнхий газар, Улсын Нийгмийн даатгалын хэлтсийг Нийгмийн даатгалын ерөнхий газар  хариуцна ч гэдэг юм уу. Ерөнхийдөө орон нутагт боловсон хүчний томилгооны асуудал бараг байхгүй болж байна.

– Сүхбаатар аймаг бол “улаан” аймгийн нэг. Харин 2008 онд танай аймгийн АН-ынхан  орон нутгийн сонгуульд ялсан шүү дээ. Одоо ч аймгийн Засаг дарга нар дотроос АН-ын дөрвөн хүн  байгаагийн нэг нь та. Аймгийн АН-ын даргын хувьд орон нутгийн улс төрийн амьдрал хэр байгааг сонирхуулна уу?

– Ер нь ардчилсан хувьсгал ялснаас хойш Сүхбаатар аймгаас АН-ын гишүүн хүн парламентад суух боломж олдоогүй нь үнэн. Дандаа МАХН буюу одоогийн МАН-ын хүмүүс сонгогдож байсан. Гэхдээ орон нутагт 2004 оноос АН-ынханд боломж олгох нааштай хандлага гарсан. Харамсалтай нь 2004 онд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас хамаараад орон нутагт бодлого хэрэгжүүлж арай амжаагүй. Харин 2008 онд сүхбаатарчууд бидэнд дахин итгэл хүлээлгэсэн. Энэ бол манай аймгийн АН-ын хувьд бодлогоо хэрэгжүүлэх анхны тохиолдол болсон. Яг үнэндээ бол 2004 онд ч бид ялсан юм шүү дээ. Даанч янз бүрийн наймаа, хуйвалдааны өмнө л хүчгүйдсэн юм. Хоёр дахь удаагийн энэ итгэл бидэнд маш их эрч хүч өгсөн. Тийм болохоор одоо хэрэгжүүлж байгаа энэ бодлогыг сүхбаатарчуудтайгаа хамт тэр үед боловсруулсан хэрэг. Хэрэгжүүлээд гурван жилийн нүүр үзлээ. Өмнө нь Москвагаас Монголыг удирддаг байсан шиг Сүхбаатар аймгийг Улаанбаатараас удирддаг байсан тэр тогтолцоог бага ч гэсэн халж чадсан гэж боддог. Одоо бид нутгаа бие дааж хөгжүүлэхийг зорьж байна.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж