АТГ-ын дарга ганц худагаас мэндчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга ганц худагаас мэндчилж байна

АТГ-ын дарга  Ч.Сан­гарагчааг  Ганц худагт хориг­доход  “Даргад ч бас  хууль үйлчилдэг юм байна” гээд олон нийт алга ташив.  Бүр “Хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзлээ. Одоо л шударга ёс тогтох нь” гэцгээж байсан.  Гэтэл   шоронд хоригдсон тэр  Ч.Сангарагчаагаас чинь  УИХ  айдаг гээд бод доо.  Түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгахынхаа өмнө хуулиар бол албан тушаалаас нь түдгэлзүүлэх ёстой.  Түдгэл­зүүлэх шийдвэрийг УИХ гаргах үүрэгтэй. Худлаа гэвэл хуульд тэгээд заачихсан бай­гаа.   Гэтэл УИХ  мань хү­нээс  айгаад албан тушаалыг нь түдгэлзүүлж чадаагүй.  Ха­рин хуулийнханд  Ч.Сан­гарагчаагаас айхын зовлон  байхгүй тул шалгасаар эцэст нь шүүхийн шийдвэр гарч тэр хоригдол болов.  Гэхдээ АТГ-ын даргын бүрэн эрх нь хэвээрээ хоригдол шүү дээ.  Хэн ч түүнийг АТГ-ын дарга биш гэж хэлэхгүй. Бүр УИХ-аар хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхтэйгээ шоронд сууж  байгаа.  Тэгэхээр АТГ-ын дарга Ганц худагаас мэндчилж байна гэвэл гайхах зүйлгүй болжээ.  Тэр бас цалингаа бүтнээр нь авч болох нь. Тамгаа аваад хоригдохыг ч байг гэхгүй.  Харин энэ ойлгомжгүй байдлыг хэзээ засч залруулахыг бүү мэд.  Одоо УИХ нөхөж хуралдаад түүний албан тушаалыг түдгэл­зүүллээ гэж бодъё. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Ч.Сангарагчааг  буруугүй гэ­сэн шийдвэр гарвал бас яах билээ. 

УИХ дахиж хуралдаад албан тушаалд нь эргүүлэн тавих уу. Уг нь Ч.Сангарагчааг яллах үед давж заалдана гэдгийг нь мэдэж л байсан баймаар. Давж заалдах шатны шүүхээс Ч.Сангарагчааг  буруугүй гэ­­сэн шийдвэр гарсан ч нэр хүнд нь цөвтсөн хүмүүсээр энэ чухал албыг хашуулаад байх хэрэггүй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Ч.Сангарагчаа Н.Энхбаярын хүн гэдгийг бүгд мэднэ. Албан тушаалын бонд гаргаж өгөөд нууцаа хадгалсан улстөрчдийн түүх ч ганцхан үүгээр дуусахгүй. Одоо бол хуулийн салбарынхан “малгай”-гаа сольчихсон. Шинэ уур амьс­галаар ажиллаж болмоор байна гэсэн хандлагатай байгаа. Гэтэл томоохон албан тушаалтныг яллаж чаддаггүй хулчгар байдал нь хэвээрээ л байх юм. Аль эсвэл түүнийг ялласан Чингэлтэй дүүргийн шүүхийн дарга Н.Цогтсайхан “жижигдээд” байна уу. Аль ч албан газар ямар ч сайн даргаар дутдаггүй. Энэ бол амьдралын хатуу хууль. Өнөөдрийн байдлаар Ч.Сангарагчаатай “хам хэрэгтэн” болох шахсан Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч байгууллагынхаа үйл ажиллагааг  ерөнхийд нь удирдаж байгаа. Тэгвэл Ч.Сангарагчаа хэн юм бэ.  Ойлгомжгүй байдалд эцсийн цэг тавих байгууллага нь УИХ шүү дээ.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж