Уиллъям Шекспирийн сонгодог бүтээлүүдийн нэг “Гамлет” Монголын тайзнаа 33 жилийн дараа дахин амиллаа. Энэхүү жүжгийг Улсын драмын эрдмийн театрын урдаа барьдаг уран бүтээлчдийн нэг Н.Наранбаатар найруулан тавьжээ. Б.Мөнхдорж, Ч.Найдандорж гэх мэт хүмүүстэй өрсөлдөн байж энэ боломжийг олж авсан гэж бодохоор түүнийг яах аргагүй чадалтай найруулагч гэж дүгнэж болохоор. Тэрбээр “Аливаа нийгэмд өөрчлөлт бий болохын дохио болгож урлагийнхан “Гамлет”-ийг олон нийтийн хүртээл болгодог” хэмээн жүжгийнхээ тухай ярьсан байна. Харин түүний жүжгийн баг нь залуу уран бүтээлчдээс бүрдсэн нь нэлээд сонирхол татаж байв. Тэр өөрөө ч бас залуу найруулагч. Тиймээс “Сайн хийж чадах болов уу даа” гэх эргэлзээ үзэгчдийн дунд байсан юм. Энэ талаар Н.Наранбаатар найруулагч “Дэлхийн сонгодгийн оргил руу тугаа бариад дайрлаа. Тугаа оргилд нь зоож уу, бэлд нь хатгачихаж уу гэдэг үзэгчдийн тавих дүгнэлт” хэмээн бардам хариулж байсан билээ. Ямартай ч өнгөрсөн баасан гарагт удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан “Гамлет” нээлтээ хийлээ. Жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн жүжигчдийн ур чадвар, өвөрмөц загвар бүхий тайз засал, сонгодог хөгжмийн шийдлийг нь бахдахгүй байхын аргагүй байв. Энэ нь чухамдаа Н.Наранбаатар найруулагчийн гавьяа юу гэлтэй. Тэр үзэгчдийн өндөр хүлээлтэд бүдэрсэнгүй. Тэртээ 33 жилийн өмнө тайзнаа тавигдаж байсан “Гамлет” өнөөдөр яг тэр хэвээрээ дахин монголчуудын хүртээл болов. Сайн уран бүтээлчийн ачаар сонгодог бүтээл сонгодгоороо л үлддэгийг Н.Наранбаатар найруулагч нотолж өгсөнд нь талархууштай. Тэр театрын тайзыг эзэгнэж чадлаа.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин