Хятадын зураач Аи Вэй Вэйг Бээжин хотноо баривчилсныг эсэргүүцэн Британи, Германы талууд нэн даруй суллахыг шаардлаа. Хонконг руу нисэх онгоцонд суух гэж байхад нь цагдаа нар зураачийг авч явсан бөгөөд ар гэртэйгээ холбоо барилгүй бүтэн хоног болж байгаа ажээ.
“Хятадын Засгийн газраас Аи Вэй Вэйн амь нас болоод эрүүл мэндэд ямар нэг аюул учраагүй гэдгийг батлан харуулахыг шаардаж байна. Түүнийг бас удахгүй суллаж явуулна гэдэгт найдаж байна” хэмээн Британийн Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Уильям Нагю албан ёсоор мэдэгдлээ. Харин Германы Гадаад хэргийн сайд Гюдо Вестэрвэл Аиг ямар учраас баривчилснаа тайлбарлахыг өмнөд хөршийн эрх баригчдаас шаардлаа.
Бээжин хотын хойд дүүрэгт байдаг түүний гэрийг нэгжин, компьютерийг нь авч явсан байна. Түүний өмгөөлөгчийнх нь мэдэгдэж буйгаар цагдаа нар нэгжлэг хийх зөвшөөрөлтэй байсан хэдий ч ямар хэргийн улмаас энэ бүхнийг хийж буйгаа тайлбарлаагүй гэнэ. Аи улсынхаа комунист удирдлагыг байнга шүүмжилдэг хүн. Баруунд тун нэр хүндтэй бөгөөд түүний бүтээлүүд дуудлага худалдаанд өндөр үнэ хүрдэг. Аи Вэй Вэйн “Наран цэцгийн үрнүүд” хэмээх инстоляцийн бүтээл нь Лондонгийн “Тэйт” уран зургийн галерейд хадгалагддаг. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” стадионы загварыг гаргасан.