Н.Төмөрхуяг: Мөнгөний дуучид олширчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Н.Төмөрхуяг: Мөнгөний дуучид олширчээ

Хүн гэдэг арга үгүй л сэтгэлийн амьтан. Би л хувьдаа хааяа ээжийгээ санахдаа, сэтгэл тавгүй үедээ Н.Төмөрхуяг дуучны  “Хорвоод ганцхан ээждээ”, “Насны намар” “Миний алдрай”-г сонсч сэтгэлийн таашаал авдаг. Надтай адил түүний дуунаас сэтгэлийн таашаал авдаг хүн олон. Н.Төмөрхуяг дуучныг хүмүүс сайн муу янз бүрээр л ярьдаг.  Түүнээс ч болдог уу, ярилцлага авахсан гэх “хорхой” сэтгэлийн гүнд явсан юм.

Утсаар ярьж санаагаа хэлэхэд халгаасангүй. Амралтын өдрөөр шуудхан л яваад оччихлоо. Тэрбээр ”Би ярилцлага өгөх дургүй болоод байгаа. Надтай уулзалгүй өмнөөс минь биччихнэ, нас барсан гэж хүртэл бичиж байсан шүү дээ. Би сүүлдээ айдаг болсон. Саяхан л гэхэд ТВ9-ийн нэг залуу ирснээ заавал ярилцлага авна гээд бүр сүүлдээ нэвтрүүлэг хойшлууллаа гэж загнах ч янзтай байна билээ” хэмээн мэргэжил нэгтнүүдийн минь тухайд тун ч таагүй байгаагаа илэрхийлсэн. Гэвч зориод ирснийг минь бодсон уу, юутай ч надтай ярилцахыг зөвшөөрлөө.

-Таныг яруу найрагч Р.Чойномтой их ойр явсан гэж ярьдаг. Насны хувьд чамгүй зөрүүтэй болохоор тань гайхаж байлаа?
-Бид нэг нутгийн улс. Р.Чойном ах манай ээжтэй нэг анги. Намайг тав зургаатай байхад манайхаар орж гардаг байсан юм. Хөдөө аймагт гудамж бүр агенттай. Хүүхэд байхдаа архинд нь их явсан даа. Илүү гарсан мөнгөөр нь молоко, хатсан алим авч ойр хавийн хүүхдүүдтэйгээ хувааж иддэг байлаа. Тэгэхээр ойр явсан гэж хэлэхэд нэг их буруудахгүй биз дээ.

Би энэ агуу хүний нас барахынхаа өмнө бичсэн арван бадаг шүлгээс дөрвийг нь аваад 1989 онд хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр найздаа “Чи энэ шүлгэнд нэг сайхан аялгуу хийгээч” гээд өгсөн юм. “Гунигийн дуу” тэгж төрсөн. Сайхан дуу болсон. Анх би, дараа нь талийгаач С.Цэрэнчимэд дуулсан. Хамгийн сүүлд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам дуулсан байна билээ.

-Р.Чойном найрагчийн хөргийг гэрийнхээ хойморт залсныг хараад л ийм асуултаар яриагаа эхлэхээр шийдлээ л дээ.
-Хайрлаж хүндэтгэхгүй байх аргагүй агуу хүн шүү дээ.  Байгалиас заяасан сод авьяастай хүн. Бага байхад хараад л өнгөрсөн. Тэгсэн чинь 1973 оны зун Хэнтий аймгийн 50 жилийн ой болох гээд хөл болж байлаа. Төрийн шагналт Я.Үржнээ гэж мундаг зураачтай хамт манай нутгийн зураач ах аймгийн Хөгжимт драмын театрын үүдний хананд зураг зурж байв. Би багын л зурах дуртай хүүхэд байсан юм. Манайх яг театрын арын гудамжинд болохоор би ч театраас салахгүй, тэр хавиар эргэлдэж, багаж хэрэглэлийг нь дөхүүлж өгч өнжинө. Гэтэл тэр зураач “Чи өдөржин харах юм. Зураг зурах дуртай хүүхэд үү. Тийм бол эндээс буд” гээд багс бариулсан. Тэгээд л би будаг хийдэг болов. Нэг өдөр хар малгай, хар костюмтай тэгсэн атлаа орос хром гармоошиглоод өмсчихсөн, нэг их таньдаг царайтай ах ирж байна шүү. Я.Үржнээ ахтай тэврэлдэж уулзаад л бөөн юм боллоо. Тэгтэл Р.Чойном ах улс төрийн хэргээр 1969 онд шоронд орж дөрвөн жил суугаад  нутагтаа ирж байсан нь тэр юм байж. Тэр өдрийнх нь дүр төрх миний сэтгэлээс ер гардаггүй юм.

-Таныг Хэнтийгээс хотод ирээд яруу найрагч  Б.Лхагвасүрэн гуайн хашаанд амьдардаг байсан гэж сонссон.
-1991 онд Хэнтий аймгаас УАЗ-53 машинд гэрээ ачаад, хотод орж ирээд Б.Лхагвасүрэн ахын хашаанд дөрвөн ханатай гэрээ барьсан даа.

-Яагаад заавал тэдний хашаанд буугаа вэ. Та хоёр танил байсан хэрэг үү?
-Б.Лхагвасүрэн ах Монголын радиогоор миний бүх дууг бичүүлж, намайг олон түмэнд танигдахад хамгийн их нөлөөлсөн хүн юм шүү дээ. Лхагваа ах тухайн үед Монголын радиогийн хөгжмийн редактор байсан юм. Хэнтийд нэг дуулдаг залуу бий.Түүний хэдэн сайхан дууг нь бичиж ирээрэй гээд хүмүүстээ захиж явуулж байсан гэдэг. Б.Лхагвасүрэн ах надад захиа хүртэл явуулдаг байж билээ.  

-Та олон сайхан ухаарлын дуу дуулсан. Дуунаасаа ухаарал авдаг байв уу?
-Миний дуунууд хүнд нэг юм хэлэх гэсэн, ухаарал хайрласан байдаг. Бүтсэн, бүтээгүй хайр, аав, ээжтэйгээ уулзаж чадаагүй хүний тухай ч юм уу. Би энд нэг хүнийг онцолмоор байна. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул Д.Амгалан гэдэг яруу найрагч бий.  Д.Амгалан, Б.Лхагвасүрэн ах хоёр сайн найзууд. Д.Амгалан ах “Насны намар” дууны шүлгийг бичсэн юм. Тэгээд л бид хэд уран бүтээлийн их нарийн нандин холбоотой болсон улс даа.

-Б.Лхагвасүрэн гуай таныг “Сэтгэл уруу татдаг дуучин” гэдэг. Таны дуунуудыг сонсохоор үнэхээр л оноод хэлчихсэн юм шиг санагддаг шүү.

-Би хүнээс илүү гарахаар хүчтэй хоолойтой хүн биш шүү дээ.  Одоо цагт хүчтэй, хоолойтой дуучид олноороо гарч ирж байна. Тэдний дууг би өөрийнхөө хэмжээнд дуулж чаддаг. Хүнд хүрээд байгаагийн учир нь надад биш дуундаа байдаг юм болов уу гэж дотроо баярлаж явдаг даа.

-Өнөө цагт хүмүүс нэгнийгээ хайрлаж хүндэтгэхээ больжээ гэж ахмадууд халаглах юм. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хүн бүрийг хүндэлж явах ёстой. Харин уран бүтээлч хүмүүсийн дундах хүндлэл илүү дотно байдаг. Бие биенийхээ гэр орноор орж, гарна. Бид хэд нийлээд хэд хоногоор “савна” шүү дээ. Гэхдээ “савна” гэдгийг хүндлэл биш нөхөрлөл гэж ойлговол илүү ойр байх. Талийгаач Ц.Чинзоригийн ээжээр мөн ч их хоол хийлгэж идсэн дээ. Ууж идэж чадаж байгаа ч юм байхгүй, шартаад, ийш тийш хараад, тэрийгээд уначихдаг л байлаа шүү дээ.

-Сүүлийн үед баахан гавьяат төрдөг болоод байна. Сонгууль дөхөхөөр  бөөндөөд л.   Гэтэл танд байдаггүй гэж боддогддог уу?
-Би энд тэнд цээжээ дэлдэж хашгирч явсангүй ээ. Дуулах газраа дуулчихаад л явдаг. Зурагтаар янз бүрийн дуучид дуулаад байх юм. Тэднийг ялгаж салгаж сайн танихгүй юм. Цөөхөн хэдэн дуучныг л мэднэ. Сүүлд гарч ирсэн зохиолын дуучдаас Б.Болдбаатар, С.Жавхлан, Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр, Т.Баясгалан нарыг л өөрийн гэсэн өнгө төрхөө олсон дуучид гэж боддог.

-Зохиолын дуу, ер нь Монголын урлагийн цаашдын ирээдүйг  та хэрхэн төсөөлдөг вэ?
-Би заримдаа энэ хүүхдүүдийн хэн нь дуулаад байгааг ойлгодоггүй. Нэг сонсох нь ээ, С.Жавхлан дуулаад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Нэгнийгээ  дуурайсан, өөрийгөө олоогүй дуучин олон байна. Өөрийгөө олно гэдэг хамгийн том юм шүү дээ. Аав, ээжээс заяасан сайхан хоолой, сайхан материалтай байж болно, сургуульд нь сураад багш нараар ном заалгадаг л байх. Тэгээд гарч ирээд дуулахаар нь, энэ чинь ямар сайхан дуулдаг хүү вэ гээд хүмүүс гайхшраад, цочоод байхаар чадалтай дуучин ховор байна. Бүгд л нэг загварын, нэгнээсээ илүүрхээд байгаа юм алга. Гэхдээ сайхан дуучид байлгүй яах вэ. Одоо цагийн дуучид баахан дуу дуулаад л олон клип хийгээд л амархан нэрд гарахаа л боддог болж. Нэг үгээр хэлбэл, мөнгөний дуучид олширч, сэтгэлийнх нь ховорджээ.

-Та С.Цэрэнчимэд, П.Адарсүрэн нарын домог болсон дуучидтай хэр ойр байв?
-Ш.Дулмаа эгчийн шүлэг “Амьдрал хайр дээр тогтдог“ дууны аяыг талийгаач Цэрэнчимэд зохиосон юм. Миний хамгийн анхны дуу. Би энэ дуугаар ард түмэнд танигдсан. Тухайн үед Монголын радиогоор өдөр болгон явдаг байлаа шүү дээ.

Надад Монголын бүх аймаг, Өвөр Монголоос хүртэл захиа ирж байлаа. Тэр захиануудаас болж НАХЯ-нд эсэргүүнйи хэргээр байцаагдаж хүртэл үзсэн. Ганцхан Өвөр Монголоос биш, Буриадын ардын жүжигчин Михиал Белвоновоос “Монголын гургалдайд” гэсэн хаягтай “Чиний авьяасыг бишрэн шүтэв” гэсэн захиа 1989 онд ирж байлаа.

-Таныг ном их уншдаг гэсэн. Хэнийг илүү хүндэлдэг вэ?

-Надад байгаа хамгийн том өмч хөрөнгө гэвэл энд байгаа гурван авдар ном л байна даа. Б.Лхагвасүрэн ахаас эхлээд П.Бадарч гээд л сайхан сайхан зохиолчид олон байна. Харин сүүлийн үеийнхнээс Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Галсансүх гээд сайн бичдэг залуусыг хүндэлдэг. Сүүлийн жилүүдэд утга зохиол, уран зураг хоёр л манайд хамгийн их хөгжиж байна шүү дээ.

-Та хэр шүтлэгтэй вэ?
-Айхавтар шүтлэг гээд байх юмгүй. Гэхдээ зохих хэмжээний байлгүй яах вэ. Ер нь бол бүх шашныг хүндэлдэг байх ёстой гэж боддог. Биднийг социализмын үеэс л шашингүйн үзлээр хүмүүжүүлсэн шүү дээ.

-Та ганцаараа амьдардаг юм уу. Ганцаарддаг уу?

-Би ер нь нэг их их ганцаардаад байдаггүй. Ганцаардлаа номтой л хуваалцдаг даа. 1999 оноос л ганцаараа амьдарч өдий хүрлээ. Авгай хүүхэдтэй байлаа. Надад хорвоо гурван сайхан хүү заяасан. Тэд маань тусдаа гарсан, хотод сайхан амьдарцгааж байна.

-Таны бодлоор “үнэн” гэж юу вэ?
-Энэ чинь их хэцүү асуулт байна. Одоо бид хоёрын яриад сууж байгаа л үнэн байх даа. Миний бодлоор төрсөн минь үнэн, үхэх минь үнэн юм даа. Худал хуурмагийн далайд цалгиж буй атаа жөтөө, бие биенээсээ илүү гарах гэсэн арсалдаан, нэр хүнд, албан тушаалын сэнтий өөд зүтгэх энэ тэр бол хүн оршихуйн  биш, хүн гэдэг амьтан алга болохын эхлэл юм болов уу л гэж боддог. Хэн нэгний худал гүтгэлгээс болж 17 жил шоронд суусан хүн цаана чинь байж л байна. Тухайн цаг үеийн болж буй үйл хэрэг, үнэн эсвэл худал байсныг хожим ирэх цаг хугацаа л харуулна шүү дээ.

Б.ХАДБААТАР
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж