
Монголын Залуучуудын холбооноос санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр улс тунхагласны өдрөөр 16 настнууд иргэний андгай өргөдөг уламжлалтай байсан. Энэ өдрөөс эхлэн уг арга хэмжээг жил бүр Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр ийнхүү зохион байгуулдаг болж байгаа юм. Уг арга хэмжээг энэ жил 10 дахь удаагаа ёслон тэмдэглэж байна.
Өнөөдөр нийслэлийн шилдэг 850 сурагч Төрийн ордонд цугларч иргэний андгай өргөлөө. Тэднээс шилдэг тэргүүний 37 сурагч Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон улс төр, соёл урлаг, спорт, нийгмийн салбарын алдартнуудаас иргэний үнэмлэхээ гардан авчээ.
Төрийн ордонд цугларсан сурагчид “Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй
Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн Би,
Мөнх хөх тэнгэрийнхээ дор, хууулийг чандлан сахиж,
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн,
Эх орон, тусгаар тогтнолоо амилан хайрлаж
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө
Эрдэм боловсролтой, хүнлэг энэрэнгүй журамт иргэн байхаа
Эрэлхэг дээдсийн удам, ард түмэндээ андгайлж байна” гэсэн үгтэй тангаргийг өргөлөө. Ёслол үргэлжилж байна.