
Түүнчлэн Хөвсгөл аймгийн МҮАН-ын хэсэг гишүүд талбай дээр өлсгөлөн зарлаад байгаа аж. Сонгуулийн хороо тэдгээр хүмүүсийг орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлэхэд бүртгээгүй гэнэ. Тиймээс МҮАН-ын гишүүд аймгийнхаа сонгуулийн хороог хууль зөрчлөө хэмээн үзэж өлсгөлөн зарласан нь энэ аж. Д.Эрдэнэбат гишүүн тэдэнд хандан “Орон нутагт хэт улстөржиж болохгүй. Биеэ бодох хэрэгтэй. Аль болох ойлголцож, зөвшилцөх ёстой. Учир байдлыг тодруулъя” гэж байлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажилласныхаа дараа Бүрэнтогтох, Цагаан-Уул сумын иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.
Хөвсгөл аймагт сүүлийн өдрүүдэд цас их унаж, зам харгуй боогдсон хүнд нөхцөлд амьдарч буй ч Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй ажил, УИХ-аас баталж байгаа бодлого шийдвэрийн талаар сонсох нь чухал байна гэдгээ уулзалтын үеэр иргэд онцолж байв. Харин Ардчилсан намын бүлгийн дарга хэдийгээр орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үетэй зэрэгцэн тус аймагт ажиллаж байгаа нь хэн нэгнийг сайн муу сайхан муухайгаар хэлэх гэснийх бус төрийн ажлыг хийж яваа гэдгээ онцлоод, Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрсөн гурван сарын хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажлыг тайлагнаж, цаашид ямар ажил хийх шаардлагатай байгаа болон орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар, хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтынх нь талаар иргэдийн саналыг сонссон юм.
Бүрэнтогтох сумын иргэд Бүрэнхааны фосфоритын үйлдвэрийг зогсоох, Могойн голын станц барих ажлыг яаравчлахыг нэн тэргүүнд тавьж байв. Түүнээс гадна малын бэлчээр тахлагдаж байгаа нь нүүдлийн аж ахуй мөхөж тэр хэрээр малчид үлдэхгүй болох аюултай. Малчин байхгүй бол мал байхгүй. Мал байхгүй бол Монгол Улс байхгүйтэй яг адилхан учраас төр засгаас малчдынхаа цаашдын бодлогод анхаарал хандуулах цаг нь ирсэн гэдгийг нутгийнхан дуулгаж байлаа.
Боловсруулах үйлдвэр байгуулахыг 2014 оны төсөвт шийдэж өгнө.
300 гаруй мянган толгой малтай, 5000 гаруй хүн ам оршин суудаг аймагтаа томоохон суманд тооцогддог Цагаан-Уул сумынхан анхан шатны боловсруулах үйлдвэр байгуулахыг юу юунаас илүү хүсч буйгаа дуулгав.
Нэг сая төгрөгийн үлдэгдлийн асуудал. Сум хөгжүүлэх сангийн зээл хүрэх ёстой эзэндээ хүрдэггүй. Ноосны урамшууллын мөнгө хэрхэн олгогдох талаар лавлаж байв. Үүнээс гадна төрийн эрхийг хүчээр авах гэж оролдогсод, хавтгайрсан халамжийг зогсоож, төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдалд бухимдаж явдгаа илэрхийлсэн иргэд олон байсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга хэлэхдээ “Хавтгайрсан мөнгө тараалт, иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авдаг байдал 2016 онд төгсгөл болгоно. Боловсруулах үйлдвэр байгуулахыг 2014 оны төсөвт шийдэж өгнө. Гэхдээ үүнээс өмнө бүгдээрээ ажиллах хэрэгтэй.
Төр түвшин, түмэн олон амгалан байх ёстой гэдэгтэй би үргэлж санаа нийлж явдаг учраас төрийн хүнд суртлыг арилгана. Орон нутагт эрх мэдлийг олгоно. Хэтэрхий төвлөрсөн дарангуйллыг зогсооно. Гагцүү бүх бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ. Гол нь Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх ганцхан чагт нь орон нутгийн сонгууль. Хорин нэгхэн хүнээр бүх асуудал шийдэгддэг нь маш өрөөсгөл ойлголтыг халах цаг болсон. 2012 оны сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газрын ажил маш сайн эхэлж байгаа. Цаашид Могойн голын станц барихаас эхлээд орон нутагт хийгдэх ажлыг сумын иргэд шийдвэрийг гаргадаг болно. Ингэхийн тулд энэ сарын 21 –ний өдөр болох орон нутгийн сонгууль хамгийн чухал. Энэ орон нутгийн бодлогыг авч явах хүмүүс энэ төрийн бодлыг ойлгож ажилладаг хүмүүс бүрдээсэй. Энэ онд зуун тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Гэхдээ энэ мөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдгийг сумын иргэдийн төлөөлөгчид мэдэх учраас сонголтоо зөв хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ сум, орон нутагт төсөвлөсөн хөрөнгө оруулалт хэн нэгэн хувийнхаа эрх ашгийг боддог олхиогүй дарга нарын үзэгний үзүүрээр үрэгддэг биш шууд ардчиллын зарчмаар орон нутгийн иргэдэд эрх мэдлийг өгөх нь юу юунаас илүү чухал гэдгийг онцолж байв. Харин уулзалтын төгсгөлд тэрбээр хөдөө аж ахуй, мал аж ахуйн бодлогыг УИХ-ын төвшинд хэлэлцэх болно гэдгээ” онцлов.